М.Энхболдын үед 7374, Э.Бат-Үүл 1888 газар олгожээ

newslifemn 2023-05-15

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын талаарх 36,985 мэдээллийг шилэн болгож байгаа талаараа мэдээллээ. 

Тэрбээр “Нийслэлийн Засаг дарга нар хэнд, хаана, хэзээ ямар хэмжээ зориулалтаар газар олгосон талаарх 2000.01.01-нээс 2020.12.31-ний түүх баримтыг shilen.gov.mn сайтад ил тод болголоо.

Үүнд:

  1. Газар эзэмших, ашиглах эрх олгосон 14,954
  2. Эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн 6,329
  3. Эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8,525
  4. Эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7,150 гээд нийт 36,958 захирамжийг нээлттэйгээр өнөөдөр байршуулж байна. 

Регистрийн дугаараар нь хайвал бүх мэдээллийг нэг дор авч болно. Нийслэлийн аль дарга тухайн үед ямар компани, аж ахуйн нэгжид газар олгосон, түүнийг нь ямар компани, аж ахуйн нэгж худалдаж аваад, өөр ямар дарга зориулалтыг нь өөрчилсөн бэ гэдэг нь тодорхой байгаа. 

2020.12.31-нээс өнөөдрийг хүртэлх нийслэлийн газар олголтын мэдээллийг дүүргийн Засаг дарга нарын мэдээлэлтэй нэгтгээд зургаадугаар сарын 1-нээс өмнө байршуулна. Нийслэлийн хувьд 20 жилийн 36,000 гаруй захирамжийг ил болгож байна” гэдгийг хэллээ.

Нээлттэй мэдээлэлд нийслэлийн үе үеийн Засаг дарга нараас М.Энхболдын үед буюу 1999-2005 оны хооронд хамгийн их буюу 7374 газар олгохоор шийдвэрлэсэн байдаг аж. Харин бусад Засаг дарга нарын тухайд:

  • Миеэгомын Энхболд /7374/
  • Эрдэнийн Бат-Үүл /1888/
  • Сундуйн Батболд /1381/
  • Гомбосүрэнгийн Мөнхбаяр /1679/
  • Д.Сумъяабазар /621/
  • Т.Билэгт /516/
  • С.Амарсайхан /811/
  • Ц.Батбаяр /485/
  • Ж.Батбаясгалан /174/ газар олгох захирамж гаргаж, шийдвэрлэсэн байдаг байна.