ХӨСҮТ-ийн Тасгийн эрхлэгч н.Бурмаа: Яаралтай тусламжийн тасгаар салхин цэцэг, улаан эсрэгэн өвчний халдвар авсан хүүхдүүд олноор ирж байна. Тэр дундаа салхин цэцэг өвчний халдвар өндөр байна. Салхин цэцэг өвчнөөр хөнгөн, дунд, хүнд аль ч хэлбэрээр өвдсөн заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. Маш өндөр халдвартай, агаар дуслын буюу амьсгалын замаар халдварлана.
Эхний урьдал шинж: Толгой өвдөх, дотор муухайрах. Бага насны хүүхдэд суулгах шинж тэмдэг, уур уцаартай, ноомой байдалтай болж болно. Халуурах шинж тэмдэг илэрч болно. Хөнгөн, хүндээсээ хамаарч улаан бурхан, улаан эсэргэнэтэй төстэй тууралт гарна. Тууралт толбон, гөвдрүүн, цэврүүн тууралт гарна. Нэг талбайд нэлэнхүйдээ зэрэг гарна. Хүзүү, нүүр, их бие мөчид хэсгээр нэг цаг хугацаанд бүх талбайд гарна. Цэврүү тууралт хагарна. Биед нь шинэ тууралт гарах бүрийд халуурна.
Хөнгөн явж байгаа тууралт 3-5 хоног, хүнд үед 6-8 хоног халуурч болно. Арьс салстаар бүх тууралт гарч байгаа учраас мэдрэл, хоол боловсруулах, шээс дамжуулах эрхтэнд нөлөөлнө. Цаашлаад залгиур хоолой өвтгөж болно. Менингит ч болох эрсдэлтэй.
Өвөрмөц бус хүндрэлийн үед арьс маш их загатнуулна. Цэврүү ихтэй тууралттай үед арьс их загатнаснаар нян хавсарч идээт тууралт болдог. Дунд чих үрэвсүүлэх, хатиг мундас гарна.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: “2022 онд 182 улсад 172,000 Улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн. Энэ өмнөх оноосоо гурав дахин өссөн тоо. Харин 2023 оны эхний улиралд гэхэд 100 гаруй улсад 22,000 тохиолдол бүртгэгдсэний зарим нь БНХАУ, ОХУ-д байна.
Одоогоор манай улсад Улаанбурхан өвчин дэгдээгүй байгаа ч хөрш орнуудад дэгдсэн учир эрсдэлтэй. Өнгөрсөн долоо хоногт эрсдэлийн үнэлгээ хийж үзэхэд, тодорхой хэмжээний эрсдэл байгаа нь тогтоогдсон тул 21 аймаг, нийслэлд мэдээлэл хүргүүлсэн байгаа. Манай улсад хамгийн сүүлд 2015-2016 онд Улаанбурхан дэгдэж байсан ” гэв.
0 cэтгэгдэлтэй