Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байрыг Баянзүрх дүүрэгт бий болгохоор барилгын шавыг өнөөдөр тавилаа.
Монгол Улсын гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, түүний нийслэл дэх салбар зөвлөл, НЗДТГ, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барих уг байр нь нэг дор 40, шаардлагатай тохиолдолд 80 хүн хүлээн авах хүчин чадалтай. Бүх насныханд үйлчилгээ үзүүлэх боломжтой энэхүү төв нь сэтгэл зүй, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөө өгөх өрөөтэй. Мөн амьдрах ухааны дадлага, сургалтын танхим, номын сан, чөлөөт цаг өнгөрүүлэх болон хүүхдийн тоглоомын өрөө, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлан зориулсан өрөө, тасалгаатай бөгөөд улсын хэмжээнд загвар болохуйц барилгын тохижилттой байх аж.
Энэ үеэр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба “Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр олон улсын стандартын шаардлага хангасан түр хамгаалах байр байгуулах ажлыг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-тэй хамтран хэрэгжүүлж байна. Бид өмнө нь түр хамгаалах байруудад шаардлагатай техник төхөөрөмж олгох, засвар шинэчлэл хийх, автомашин зэргээр хангаж ажилласан. Ийм зориулалтын байртай болсноор гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийн эрхийг хамгаалахад ихээхэн хувь нэмэр оруулна” гэлээ.
Тус төвд хохирогчийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалах үүднээс 24 цагаар цагдаа, эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч ажиллана. Мөн хүчирхийллийн зөвлөгөө мэдээлэл өгөх, шаардлагатай үед 102 болон бусад газарт холбон зуучлах 107 дугаарыг 24 цагаар ажиллуулна гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат хэллээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
0 cэтгэгдэлтэй