Т.Бадамжунайгийн ах Ж.Намшрай: Миний дүү янз бүрээр бичигдэж, цоллогдож байгаа шигээ яахаа алдчихсан голгүй эр хүн ч биш

newslifemn 2023-04-10

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

Хүнс, Хөдөө Аж Ахуйн Сайд асан Т.Бадамжунайг гадаадад байхад нь авлига, албан тушаалын хэрэгт буруутган эх оронд нь баривчлан авчирсан.

Түүнийг Филиппин улсаас баривчилж авчирсан ажиллагаа нь хүний эрхийн зөрчил болохыг “Өдрийн сонин” хөндөн бичсэн билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа түүний ах, өндөр настан Ж.Намшрайгийн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр Архангай аймгийн Цэцэрлэг хотод амьдардаг ажээ.

-Сайхан хаваржиж байна уу. Та одоо нас сүүдэр хэд хүрч байна вэ. Т.Бадамжунай гуайтай их ойрын хамаатан гэж дууллаа. Ямар төрөл садан бэ?

-Т.Бадамжунай бол манай хөгшний төрсөн дүү нь байгаа юм. Хөгшин бид хоёр 76 настай. Манай хүн Т.Бадамжунайгийн хамгийн том эгч нь л дээ. Янз бүрийн юм дуулаад санаа нь зовоод даралт нь ихсээд хэцүү л байна.

-Ингэхэд Т.Бадамжунай гуай эхээс хэдүүлээ вэ?

-Олуулаа шүү. Одоо амьд сэрүүн байгаагаас манай хөгшин. Т.Бадамжунай, дандаа бүсгүй дүү нар нь байна даа. Хоёр ч сайхан эрэгтэй дүү нь залуугаараа бурхан болсон доо, хөөрхий.

-Эгч, дүү нар нь одоо ямар ажил төрөл эрхэлдэг улсууд байдаг юм бол. Амьдрал ахуй нь ямаршуу вэ?

-Хөгшин бид хоёр тэтгэвэртээ суусан хүмүүс. Аймгийн төв дээр хүүхдүүдээ бараадаад ирсэн. Залуугийн зүгээр сууж үзээгүй улс болохоор цагаан идээний лангуун дээр зогсож, өдөр хоногийг өнгөрүүлэх юм даа.

Манай хүний бусад дүү нар нь тус тусынхаа ажлыг хийгээд амьдарцгааж байгаа. Булган аймагт нэг дүү нь бий. Тэндээ мал маллаж амьдралаа залгуулдаг. Нөгөө хоёр нь Сэлэнгэ, Дарханд амьдардаг. Өөр хоёр эмэгтэй дүү нь төрсөн нутаг болох Архангай аймгийн Чулуут сумандаа мал дээр байдаг. Бүгдээрээ л хэдэн малынхаа хүчинд амьдралаа авч яваа улс.

Хоёр идэхгүй, хоосон хонохгүй болгоод л байна. Ёстой бор зүрхээрээ амиа аваад явцгаадаг даа, хөөрхий. Цөмөөрөө мал дээр өссөн. Одоо ч малаа маллаж байна. Т.Бадамжунайгийн хамаатан садан гэхээр тамтаггүй баян улс гэж улсууд эндүүрч магадгүй.

Ах, дүү, хамаатан садан дунд нь тарган цатгалан, баян тансаг хүн байхгүй. Бүсгүй дүү нарынх нь амьдралыг харахад тааруу л харагддаг. Хэдэн малынхаа буянд л амьдралаа аргацаадаг улс шиг байгаа юм.

-Гэтэл Т.Бадамжунай гэдэг хүн чинь Монголын хамгийн баян, нөлөө бүхий ноёнтон гэж цоллогдоод байна шүү дээ. Эгч, дүү нартайгаа тийм ойр биш хүн үү?

-Ойр байлгүй яах вэ. Зулай, зулайгаа гишгэж төрсөн ах, дүүс шүү дээ. Бие биеэ хайрлаж, түшиж, чадах чадахаараа дэм болцгоодог. Т.Бадамжунайд 20 гаруй орон сууц байгаа гэж гадуур шуугиад байх юм. Би одоо л дуулж байна.

Үнэхээр байсан бол эгч, дүүс нь ингэж амьдрах уу. Миний мэдэхийн хамаатан садангууддаа хамаагүй шидлээд байсан юм үнэндээ алга. Бүгд дор бүрнээ чадах ядахаараа амьдралаа авч яваа улс.

Т.Бадамжунайг ямар хүн чанартай, хэчнээн тохитой хүн бэ гэдгийг бид ойрын төрөл садангийн хувьд сайн мэднэ. Янз бүрээр бичигдэж, цоллогдож байгаа шигээ яахаа алдчихсан голгүй эр хүн ч биш. Түүнийг зориуд элдэвлэж, өрсөлдөгч талын дайвар нөлөөлөл байхыг үгүйсгэхгүй. Өвгөн ах нь ингэж л харж сууна даа.

-Та Т.Бадамжунай гуайн үр хүүхдүүдтэй нь холбогдож, учир байдлыг асууж үзэв үү?

-Гурван сайхан охин хүүхэдтэй хүн шүү дээ. Хамгийн том охин Б.Оюунбилэг нь аавыгаа ирсэн өдөр бидэнтэй өөрөө утсаар ярьсан. “Та хоёр минь биеэ бодоорой. Санаагаа битгий чилээгээрэй. Өндөр настай улсууд элдэв юм бодож, сэтгэлээ зовоогоод хэрэггүй. Даралтаа ихэсгээд янз бүр болох вий. Биеэ сайн тордоорой” гэж захисан. Үнэн мөнөөр явбал цагаадах байлгүй дээ. Т.Бадамжунай маань тэтгэврийнхээ насанд ирсэн хүн. Нас нь ахисан болохоор тэр хэцүү нэртэд орвол амь нас нь эрсдэх вий дээ гээд хөгшин бид хоёр зүрх түгшиж л суух юм.

Бусад дүү нар нь ч ялгаагүй хямарцгаасан улс л байна. Т.Бадамжунай бол насаараа шахуу төрд үнэнчээр зүтгэсэн шүү дээ. Юу юугүй голгүй хэрэг хийгээд байх хударгагүй эр хүн биш. Хараад байхад улс төрийн хэргүүд чинь хүнийг буруутгахаас гадна нэмэх нь их байдаг бололтой.

-Та бол Т.Бадамжунай гуайн том хүргэн ах нь. Түүний суурь хүмүүжил, зан байдлыг хөндлөнгөөс юу гэж дүгнэдэг вэ?

-Бид нэг нутаг усны хүмүүс. Тийм болохоор Т.Бадамжунайг бараг төрөхөөс нь авхуулаад андахгүй. Хөдөө мал аж ахуйд эцэг, эхийнхээ гap дээр өссөн хүүхэд. Манай хадам аав, ээж хоёр нутаг усныхандаа ам сайтай, сүрхий ажилсаг, малчин хүмүүс байв.

Т.Бадамжунай Чулуут сумынхаа бага сургуульд элсэн орж байсныг би санаж байна. Жаахан байхын л дуу цөөтэй, томоотой, даруухан хүүхэд байсан. Төрд ажиллаж байхдаа хүртэл яг л энэ хэвээрээ. Төлөв түвшин, хийж байгаа ажилдаа тун ч хариуцлагатай нэгэн байсныг ард түмэн мэднэ. Онгироо, сагсуу зан түүнээс өчүүхэн ч үзэгддэггүй. Хүнд их тусархуу. Олноор хүрээлүүлсэн, найз нөхөд сайтай хүн байгаа юм.

Т.Бадамжунай бурхан номд их сүсэгтэй. Шашны аливаа үйл ажиллагаанд их өгөөмөр ханддаг. Тээр жил түүнтэй хамт Хархорин руу очсон юм. Тэндхийн лам Баасансүрэн гэдэг залуу байдаг даа. Тэр хүү Хархориныхоо баруун хойд талд шинээр юм бүтээж босгож байсан. Тэрэнд нь Т.Бадамжунай лав хандив өргөж байгаа харагдсан. Тэгэхэд нь би дотроо түүнийг их л үнэлж байлаа. Бас нутгийнхаа ойд хүртэл өөрийнхөө чадахаараа тус дэм болж байсан.

Ер нь түүнээс эх орон, нутаг усныхнаа гэсэн сэтгэл байнга мэдрэгддэг. Тиймдээ ч аливаа арга хэмжээнд гараа харамгүй сунгаж, тусалж, дэмждэг байлаа. Хувь хүнийх нь суурь хүмүүжил юм даа. Дээрээс нь аавынх нь сүсэг бишрэл бас нэлээд үлгэрлэсэн байх. Манай хадам аав бурхан шашны үзэлтэй, сүсэг бишрэлтэй, сайхан хүн байлаа. Нэлээд өндөр насалсан даа.

-Ер нь Т.Бадамжунай гуай танайхнаар хэр их очдог байв?

-Зуны амралтаар байнга ирдэг байсан. Манай хүүхдүүд дунд сум орон нутагтаа мал сүргээ өсгөн үржүүлсэн Улсын аварга малчин бий. Т.Бадамжунай сумандаа ирэхээрээ манайх, хүүхдүүдийнх гээд бүгдэд нь зочилдог сон.

Найзуудтайгаа бас ирнэ. Төрийн ажил хийдэг улсууд тэгж их олон хоног саатахгүй ээ. Нутгийнхаа овоонд мөргөж, сүсэглэн залбираад, хамт яваа улсууддаа сум орон нутгийнхаа байгалийн сайхныг үзүүлээд буцдаг байсан.

-Хамгийн сүүлд танайд хэзээ зочилсон бэ?

-Гадаад руу явахаасаа өмнө ирсэн юм байна. Тав, зургаан жилийн өмнө юм уу даа. Манай сумын дээд хэсэгт Өлзийт голын хавиар сайхан байгальтай. Тэр сайхан байгалийг найзууддаа үзүүлэхээр ирсэн гэж билээ. Буцахдаа манайхаар дайраад явсан юм.

-Тухайн үедээ гадагшаа явна энэ тэр гэж ярьдаг байв уу?

-Тийм яриа огт болж байгаагүй ээ. Амарч, аялж ирсэн улсуудыг байгаагаараа сайхан цайлаад үдэх нь монгол ёс юм даа. Тэр утгаараа хөдөөгийн бид чинь ирсэн зочид гийчид болгоноо ялгалгүй аятай тухтай байлгахыг л хичээдэг улс. Ямар хэл, амыг нь сугалчих гээд асууж байцаагаад байх биш дээ.

-Төрийн өндөр албан тушаал хашиж байсан танай хадам дүүгийн талаар таагүй мэдээлэл гарахад төрөл садангууд нь болоод нутаг усныхан нь яаж хүлээж авдаг байсан бэ?

-Би хувьдаа Т. Бадамжунайг төрийн ажлыг маш сайн хийж байсан гэж боддог. Хариуцсан ажилдаа тун ч чамбай, үнэнч, нэр хүнд сайтай байсан шүү дээ. Авто тээврийн мэргэжилтэй хүн юм. Нэг хэсэг мэргэжлээрээ Улаанбаатарт ажиллаж байсан санагддаг. Дараа нь хотын менежер хэдэн жил хийсэн байх. Сүүлдээ Хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн болсон.

Гадаад явахаас нь өмнө сонгуулийн үе ч байсан болохоор элдэв цуурхал, мэдээллүүд дуулддаг л байв. “Хөдөө аж ахуйн сайдаар очих юм гэнэ. Эрдэнэтийн дарга болох гэж байгаа гэнэ” гэж сонсогддог байлаа. Ер нь төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүнээс хэл ам, гүтгэлэг ер тасардаггүй бололтой.

Шүүхээр үнэн, худал нь эцэслэгдээгүй байхад элдэв цуурхалд итгээд суух хүн байх уу даа. Улс төрийн зорилгоор өрсөлдөгч талын хүмүүс нь дайвар нэмж хорлодог байхыг ч үгүйсгэхгүй. Хүнийг гүтгэж, хорьж байгаад амь нас нь эрсдэлд орох вий гэдэгт л их санаа зовох юм, хүү минь.

Манай хөгшин сүүлийн хэдэн өдөр их л хямарч байна. Би ч ялгаагүй дотроо адилхан санаа зовж байгаа хэрнээ “Ямар хүн алж, хүрээ талсан биш. Ямар юмандаа хямардаг юм бэ” гээд хэлж орхидог. Ер нь төрийн алба хашдаг улсууд бага гэлтгүй ямар нэг юманд холбогдчих гээд хэцүү л байдаг байх.

Хадам дүүг маань хоёр талаас нь сугавчлаад авчирч байгаа нь их л муухай харагдаж байна лээ. Улс нийгмийнхээ төлөө зүтгэж, залуу халуун насаа зориулсны эцэст ингэдэг нь үнэхээр муухай юм. Төр зүтгэсэндээ халтай гэдэг нь энэ байх даа.

Зураг