Нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8300 төгрөгөөр зарж борлуулна

newslifemn 2023-04-7

Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлжээ. Махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 50 сүлжээ дэлгүүрийг нэмж, өнөөдрийн байдлаар 481 цэгээр борлуулж байна.

Харин ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 8, 9-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр гурав, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт тус бүр дөрөв, нийт 21 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна.

Өнгөрсөн хугацаанд 180 тонн гаруй мах борлуулсан нь бэлтгэсэн нийт махны 2.4 хувийг эзэлж байна.

УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд“Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8300 төгрөгөөр зарж борлуулна. Үнийн хувьд бусад зах, худалдааны төвөөс 20-25 хувиар хямд байгаа юм. Мөн өргөтгөсөн худалдаанд УБЗАА, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Татварын газар, дүүргүүдийн ЗДТГ хяналт тавьж ажиллана. Бэлтгэсэн нөөцийн махны 65 хувь нь хонь, 35 хувь нь үхрийн, таван хувь нь ямааны мах байгаа” гэлээ.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил