Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Баасанхүү: Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг УИХ-аас гаргасан мэдээ харамсалтай сонслоо. Яагаад харамсалтай мэдээ гэсэн бэ гэвэл, Ардчилсан нам УИХ-д 11 гишүүнтэй. Гэтэл Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлснээр Өмнөговь аймаг УИХ-ын төлөөлөл байхгүй боллоо.
Ардчилсан нам бол анхнаасаа эрх чөлөө, шударга ёс, хүний эрхийг дээдэлдэг гэдэг утгаараа аливаа гэмт хэрэг дээр гишүүдээ өмгөөлж, хамгаалж байгаагүй. Анхнаасаа бид хулгайн хэрэгт холбогдсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байна уу, өөрсдөө сайн дураар очиж шалгуулах ёстой гэж мэдэгдэж ирсэн. Энэний дагуу манай намын гишүүдээс эрүүгийн хэрэгт сэрдэгдэж байгаа нь хууль хяналтын байгууллагад шалгуулж байсан.
Сүүлийн үед АН, АН-ын даргын нэр хүндийг зохион байгуулалттайгаар гутааж байна. “УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нэг тэрбум төгрөгийг гишүүдэд өгч, худалдаж авч байна” гэсэн гүтгэлэг дайралт сүүлийн хэд хоног завсаргүй цацагдлаа. Бид үүнийг МАН-ын санхүүжилттэй үйлдэл хэмээн хардаж байгаа. Ардчилсан намаас ажлын хэсэг гарч, энэ асуудлыг шалган, хууль хяналтын байгууллагад өгнө.
Халдашгүй байдлын дэд хороонд АН-ын төлөөллийг зохион байгуулалттайгаар оруулаагүй. Оруулаагүй учир Өмнөговь аймгийн төлөөлөл хэн байх вэ гэдгийг МАН өөрсдөө хуйвалдааны аргаар шийдэж байна. Тиймээс Өмнөговь төлөөлөлгүй болж буй асуудалд хариуцлагатай байх ёстой.
Хууль хяналтын байгууллагад хандахад хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийн асуудлыг түргэн шуурхай шалгаад, УИХ-ын тухай хуулийн 9.7-д заасны дагуу бүрэн эрхийг нь буцаан сэргээх асуудалд Улсын ерөнхий прокурорыг анхаарч ажиллахыг хүсч байна.
0 cэтгэгдэлтэй