Монгол, Хятадын хөрөнгө оруулагчдын Тогтвортой хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг гуравдугаар сарын 16-18-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Тус чуулга уулзалтыг залуучуудын ажлын байр, бизнесийг дэмжих зорилгоор Монголын Залуучуудын Холбоо санаачлан БНХАУ-аас 200 хөрөнгө оруулагч нарыг Монголд урилаа. Энэ удаагийн форумын үеэр 200 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалт хийгдэх хүлээлттэй байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: Улаанбаатар бол залуусын хот. Хүн амын 67 орчим хувь нь 35-аас доош насны залуус. Мөн Монголын нийт хүн амын 50 гаруй хувь нь оршин сууж, нийт эдийн засгийн 70 орчим хувийг үйлдвэрлэж байна.
Тиймээс Улаанбаатар хотын хөгжил нь зөвхөн нийслэл хотын тухай асуудал бус, харин Монгол Улсын өмнө хүлээж буй үүрэг хариуцлага, манлайлал юм. Энэ утгаараа бид дэлхийн улс орон болон дэлхийн хотуудтай найрсаг хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхийг чухалчилна. Тухайлбал, БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Чунчин, Чэндү зэрэг 10 гаруй хоттой найрамдалт харилцааг хөгжүүлэн ажиллаж байна хэмээлээ.
Цаашид хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны шинэчлэлт, өөрчлөлт, чиг хандлагыг эдийн засаг, бизнесийн санал санаачилгадаа хамруулан тусгаж, энэ чиглэлд хамтран ажиллахыг зорьж буйгаа илэрхийлэв.
Улаанбаатарын хувьд цаашид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжсэн, татварын таатай нөхцөлийг санал болгож, найдвартай хамтын ажиллагааг чухалчлан үздэг эдийн засаг, бизнес төвтэй хот болон хөгжихийг чухалчилж буйг Хотын дарга онцоллоо.
Гурван өдрийн турш үргэлжлэх уг арга хэмжээнд БНХАУ-ын хувийн хэвшлийн 200 орчим бизнес эрхлэгч оролцож, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, барилга, хөдөө аж ахуй гэсэн таван салбарт үйл ажиллагаа явуулж буй Монголын бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоон, төслүүдтэй нь танилцаж, хамгийн багадаа нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм.
0 cэтгэгдэлтэй