Хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийв. Хурлыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэллээ.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа,
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Хүндэт зочид оо,
УИХ цар тахлын аюул цаашилж, эдийн засаг тогтворжин, сэргэлт эхэлсэн тааламжтай үед хаврын чуулганаа эхлүүлж байна.
2022 оны намрын чуулган 2 сар шахам хугацааны өмнө өндөрлөсөн ч УИХ-ын үйл ажиллагаа хуулийн хэлэлцүүлэг, Зөвлөлдөх санал асуулга, нээлттэй сонсгол, хурал зөвлөгөөн хэлбэрээр тасралтгүй өрнөлөө. Гишүүд маань тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзан, санаа бодлыг нь сонслоо.
Иргэд олон түмний нийтлэг хүсэл эрмэлзэл, Зөвлөлдөх санал асуулгын дүн, Зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан зөвлөмжид дурдсан асуудлуудыг хэрэгжүүлж, хаврын чуулганаар эрх зүйн шинэчлэлийн 3 чиглэлээр 10 багц хуулийг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Нэгдүгээрт. Улсын Их Хурлаас “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагааг үндсэндээ 4 үе шаттайгаар, амжилттай зохион байгуулж, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлсон.
Эхний шатанд “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаар эрдэмтэн судлаачид тулгамдсан асуудлуудаар илтгэл хэлэлцүүлж, гарц гаргалгаа шийдлийн талаар ярилцсан.
Дараа нь улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд, жагсаж цугласан иргэдийн төлөөлөл оролцсон Үндэсний зөвшилцлийн чуулга уулзалтыг зохион байгуулж санал санаачилгуудыг хэлэлцсэн. Улмаар, ард иргэдийн оролцоог хангасан эдгээр уулзалтуудаас хамгийн олон давтамжтай гарсан асуудлуудаар 3, 4 дэх шатанд оролцогчдоос санал асуулга авсан юм.
Зөвлөлдөх санал асуулгын гурав дахь шатанд Монгол орон даяар, социологийн шинжлэх ухааны санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэн оролцсон. Дөрөв дэх шат буюу Төрийн ордонд болсон Зөвлөлдөх уулзалтад мөн санамсаргүй түүврийн аргаар иргэдээ төлөөлөн сонгогдсон 20-89 насны 801 иргэн эх орныхоо 4 зүг 8 зовхисоос хүрэлцэн ирж, сэдэв тус бүрээр тэнцвэртэй мэдээлэл авч, жижиг бүлгээр нарийвчлан хэлэлцэж зөвлөлдсөн. Тэд Зөвлөлдөх зөвлөлөөс 4 багц сэдвийн хүрээнд боловсруулсан 22 асуулт тус бүрийг нарийвчлан хэлэлцсэний эцэст саналаа өгсөн юм.
Санал асуулгад оролцогчид авлига хээл хахуультай тэмцэх асуудлыг бүх сэдвийн хүрээнд онцлон ярьж байсан бөгөөд төсөв мөнгө, төрийн өмчийн хяналтыг сайжруулахын тулд ард иргэдийг төлөөлөн ажилладаг төрийн хянан шалгах бие даасан тогтолцоо бүрдүүлэх асуудлыг өндөр хувиар дэмжсэн.
Ийм тогтолцоо нь төрд сахилга, хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ тогтоох, авлигаас ангижрах чухал хөшүүрэг болно гэж дийлэнх олонх нь үзэл бодлоо илэрхийлсэн байна.
Санал асуулгад оролцогчид 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах хуулиудыг хэлэлцэн баталж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнг үзэх шаардлагатай гэж үзсэн.
Жишээлбэл, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан байгалийн баялгийн ашиглалтаас ард иргэд тэгш хүртэх, Үндэсний баялгийн сан байгуулах асуудлаар Үндэсний баялгийн сангийн удирдлага нь мэргэжлийн байж, төрөөс хараат бус, олон нийтийн хяналтад ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж 90 хувиар буюу үнэмлэхүй өндөр хувиар дэмжсэнийг УИХ, Засгийн газар анхааралдаа авах ёстой. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг яаралтай өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг Засгийн газар, холбогдох сайд нар онцгой анхаарах хэрэгтэй байна.
Түүнчлэн парламентын төлөөллийн чадавхыг дээшлүүлэх, УИХ-ын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцоог хослуулан явуулах, улс төрийн намын хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалтыг ил тод болгохыг 80-аас дээш хувиар дэмжсэн. Мөн намын хатуу гишүүнчлэлээс татгалзах, төвлөрлийг сааруулахын тулд бүсчилсэн хөгжлийг эхлүүлэх, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг батлах, төрийн алба хаагчид хөрөнгө орлогоос гадна зарлагаа мэдүүлэхийг хуульчлах нь зүйтэй гэж үзсэн байна.
Хоёрдугаарт. Ард иргэдийн элч төлөөлөгч гишүүд та бид тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзан, Зөвлөлдөх санал асуулгад урьж, санаа бодлыг нь сонссон. Ард иргэдийн нийтлэг хүсэл эрмэлзэл нь нийгмийн хорт хавдар болоод байгаа авлигын үндсийг таслахыг хүсч байна. Улсын хөгжил дэвшил, иргэдийн сайн сайхан амьдралын боломжийг үгүй хийж, хуулийн засаглал, төрт ёсыг үнэгүйдүүлж буй хорт үзэгдэл бол авлига мөн.
Иймээс энэ хаврын чуулган АВЛИГЫН ЭСРЭГ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХ чуулган байх болно. Хаврын чуулганаар авлигатай тэмцэх чиглэлээр багц хуулиуд хэлэлцэнэ. Энэ хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хуулиудыг шинэчилж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батална.
Хэдийгээр манай улс авлигын индексээр ухарсан үзүүлэлттэй байгаа ч шүүхээр шийдэгдсэн авлигын гэмт хэргийн тоо 2018 оныхоос 10 дахин өссөн байна.
Тиймээс зөвхөн индекс хөөцөлдөх бус авлигын уг үндэс, шалтгаан нөхцөлтэй тэмцэх цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Ийм учраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг өргөн хүрээнд хэлэлцүүлнэ. Мөн саяхан Засгийн газраас авлигатай тэмцэх “Таван Ш” ажиллагааг эхлүүлснийг УИХ хуулийн бодлогоор дэмжиж, Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрт тусгаж ажиллах шаардлагатай.
Ёс зүйг төлөвшүүлэх нь авлигагүй нийгмийн үндэс суурь юм. Иймд Авлигатай тэмцэх, засаглалыг сайжруулах шинэчлэлийн хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг хэлэлцэнэ.
Авлигыг үл тэвчиж, хууль бус үйлдэл, авлигын гэмт хэргийг илчлэн мэдээлэгчийг хамгаалж, иргэдийн оролцоонд түшиглэх явдал нийгмийг эрүүлжүүлэхэд чухал юм. Ийм хүсэл зориг, үзэл баримтлалаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн анхны хэлэлцүүлэг хийгдэнэ.
Авлига Монголын нийгэмд гүнзгийрснийг бүгдээрээ мэдэж байгаа. Төрийн байгууллага, албан тушаалтнуудыг тойрсон авлигын хэрэг байсхийгээд илэрч байна. Иргэд эмнэлэгт үзүүлж, сургуульд хүүхдээ оруулахдаа хүртэл “Өгөх ёстой. Өгч байж сайн эмчлүүлнэ, хүүхдээ сайн сургана” гэсэн үзэл хандлагатай болжээ. Иймд Зөвлөлдөх санал асуулгад оролцогчдын дэмжсэн төрийн хянан шалгах хараат бус, бие даасан тогтолцоо бүрдүүлэх асуудлыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиас эхлээд Үндсэн хууль хүртэл бүхий л хуульд авлигатай тэмцэх, авлигыг үл тэвчих үзэл санааг тусгах хэрэгтэй гэж үзэж байна. Авлигатай тэмцэхэд төрийн бүх байгууллагуудын манлайлал, хүчин чармайлт чухал.
Парламентын ардчиллын үнэт зүйлийг тодруулахад тустай гэж үзсэн тул хууль тогтоох ажлын нэгэн бодит түүхийг өгүүлье гэж бодож байна. Энэ хуулийн түүх ард түмний хүсэл зоригийг зөв тусган авч, шинжлэх ухааны үндэстэй хэрэгжүүлбэл ямар бодит үр дүн гаргаж болдгийн жишээ юм.
2017 оны үндэсний хэмжээний анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын үеэр ард иргэдийн төлөөлөл “Хууль батлаад л байдаг, харин хуулийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтын механизм алга байна” гэсэн санал гаргасан. Улмаар олон улсын туршлагыг судалсны үндсэн дээр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хуулийн биелэлт, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан энэ заалтыг амилуулах зорилгоор УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг 2021 онд баталж, 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль парламентын хянан шалгах чиг үүргийг цоо шинэ шатанд гаргалаа. Олон жил далд бугшсан асуудлууд ил болж, Байнгын хороод, чуулганы хуралдаануудаар шүгэл болон үлээгдэж, олон нийтийн анхаарлын төвд орсон. Тухайлбал, энэ хууль хэрэгжиж эхэлсэн 2022 оны нэгдүгээр сард Хөгжлийн банкны асуудлаар хяналт шалгалтын ажлын хэсгийг байгуулсан. Улмаар дөрөвдүгээр сард Хянан шалгах түр хороо байгуулагдаж, ажиллаж эхэлсэн. Гэрч, холбогдогчдыг тогтоох, шинжээч томилж нотлох баримт цуглуулан шинжлэх үйл ажиллагаа үргэлжилсэн.
Хөгжлийн банкны, нүүрсний гэх мэт дуулиант хэргүүдийн талаар чухамдаа УИХ-ын гишүүд л эхэлж шүгэл үлээж, олны анхааралд оруулсныг зориуд цохон тэмдэглэе.
Чуулганы завсарлагаанаар буюу 2023 оны 1, 2-р сард Хөгжлийн банкны Хянан шалгах түр хороо нотлох баримт шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай хийж, одоо гурав дахь шатны сонсгол явагдаж байна.
Энэ сонсголоор Хөгжлийн банкны нийт 7.8 их наяд төгрөгийн зээлийг хэн ямар зорилгоор авсан тухай мэдээллийг олон нийтэд ил тод болгож, ард иргэдийн мэдэх эрхийг ханган ажиллаж байна.
Эхний 2 шатны сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн шууд болон улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 6.2 их наядын зээл, түүний ашиглалт, зарцуулалт, зээлдүүлэгч, зээлдэгчид, хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах зорилгоор 432 зээлтэй холбоотой асуудлаар 365 иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудаж сонссон. Харин 3 дахь шатны сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1.6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалтын талаар нийт 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудан, оролцуулж байна.
Олны анхаарал татсан асуудлыг ил болгож, ард түмний мэдэх эрхийг ханган, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амь оруулж, Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаанд шинэ жишиг тогтоож буй нийт гишүүддээ, Эрхэм гишүүн Баттөмөрийн Энхбаяраар ахлуулсан Түр хорооны гишүүдэд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Энэхүү 3 шатны сонсголын эцэст Түр хорооны хуралдаанаас гаргах санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар шуурхай хэлэлцэж иргэдийн мэдэх эрхийг хангаж, шүүхэд нотлох баримтыг хүргүүлэх нь бидний зорилго байх болно.
“Нүүрсний” хэргийн асуудлаар байгуулагдсан Түр хороо өнгөрсөн хугацаанд хил, гааль, тээврийн асуудлаар томоохон хяналт шалгалт явуулсан. Олон мянган хуудас нотлох баримт бүрдүүлж, шинжээч томилон ажиллуулж байна. Уг асуудлаарх нийтийн сонсголыг энэ сард зохион байгуулна. Ажлын хэсгийн ахлагч, Эрхэм гишүүн Гочоогийн Ганболд, Ажлын хэсгийн нийт гишүүдэд амжилт хүсье.
Эрхэм нөхөд өө,
Бид улсынхаа нийгэм, эдийн засаг, улс төрд эрх зүйн шинэчлэл хийх 10 багц хуулийг батлан хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Тэдгээрээс авлигатай тэмцэх, улс төр, засаглалын чиглэлээр хийх шинэчлэлийн бодлогын үндсэн агуулгыг дээр дурдлаа.
Нийгмийн бодлогын хүрээнд 3 багц хуулийг хэлэлцэнэ. Боловсролын багц хуулийн хэлэлцүүлэг өндөрлөж, чуулганаар хэлэлцэхэд бэлэн болж байна. Боловсролоор дамжуулан хүнээ хөгжүүлснээр ядуурлыг бууруулах, шударга, эв нэгдэлтэй нийгмийг төлөвшүүлэх, тогтвортой өсөлттэй эдийн засагтай болох боломж бүрдэнэ. Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.
Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах цогц бодлогын хүрээнд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиа батлан гаргах, засаг захиргааны шинэчлэлийг нэг мөр хийх цаг болсныг Зөвлөлдөх санал асуулгын дүн нотолсныг тэмдэглэе. Энэ хууль бэлэн болсон ч жалга довны үзлээсээ салж чадахгүй байгаа нь нийслэлийн төвлөрөл, түгжрэлийг өөгшүүлж байна.
Гуравдугаарт. Сорилт, бэрхшээл цөөнгүй байгаа ч бүхэлдээ ирээдүй маань гэрэл гэгээтэй байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд цар тахал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэй хүндхэн сорилтуудыг Монгол Улсын эдийн засаг даван туулж, сэргэж эхэллээ.
Тухайлбал, улсын эдийн засаг 2022 онд хүлээлтээс харьцангуй өндөр буюу 4.8 хувийн өсөлттэй гарч, өсөлт энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан тооцооллоор 10.6 хувьд хүрлээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт сэргэснээр оны эхний 2 сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 1.0 тэрбум ам.долларыг давсан. Үүний үр дүнд өмнөх оны нэгдүгээр сард 400 гаруй сая ам.долларын алдагдалтай байсан урсгал дансны тэнцэл 50 сая ам.долларын ашигтай гарлаа.
Нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өслөө. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжид мэдэгдэхүйц ахиц гарч байна. Стратегийн ач холбогдол бүхий төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж, Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэллээ.
Хэдийгээр эдийн засагт энэ мэт эерэг үр дүн гарч байгаа боловч ард иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж буй валютын ханш, үнийн өсөлтийг нэн тэргүүнд хязгаарлаж, гадаад өрийн дарамтыг бууруулан, эдийн засгийн хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг бий болгох хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх бодлогын цогц арга хэмжээ авах нь Та бидний өмнө тулгамдсан хамгийн чухал шийдвэрлэх асуудал болоод байна. Тухайлбал:
Сүүлийн 18 сар дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж, иргэдийн худалдан авах чадвар, бодит орлогод сөрөг нөлөө үзүүлж буй үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээг хугацаа алдагдалгүй авах шаардлагатай байна. Энэ хүрээнд УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар баталсан “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн хэрэгжилтийг үнэлж, улмаар төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах замаар УИХ, Засгийн газар, Монголбанк хамтран инфляцыг бууруулах чиглэлд бодлогоо нэгтгэх шаардлагатай байна.
Аж үйлдвэр хөгжөөгүй, халамж, хэрэглээнд суурилсан эдийн засгийн бүтэцтэй, уул уурхайн цөөн бүтээгдэхүүнд экспорт маань тулгуурладаг, импортоос хэт хараат эмзэг байдал цаашид удаан үргэлжилж болохгүй.
Тиймээс шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байна. Хувийн хэвшлээ дэмжих, үйлдвэрлэлээ дэмжин хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжиж, экспортлогч улс орон болох нь нэн тэргүүний зорилт мөн. Экспортын цогц бодлого, хөтөлбөр баталж, төрөөс татвар, зээлийн бодлогоор тусгайлан дэмжих хэрэгтэй байна. Ингэж байж төлбөрийн тэнцэлд гарсан эерэг өөрчлөлтөө бататгана.
Эдийн засагт гарсан өнөөдрийн хүндрэлийг даван туулахаас гадна Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны суурь өрсөлдөх чадварыг сайжруулах эрхзүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд энэ хаврын чуулган анхаарна.
Төр нь хувийн хэвшилтэй өрсөлддөг биш дэмждэг, хориглодог биш зохицуулдаг болох ёстой. Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх чиглэлээр Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэн батлах ажил хүлээгдэж байна. Эдийн засаг дах төрийн оролцоог хязгаарлах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай байна.
Эрхэм гишүүд ээ,
Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад жил гаруйхан хугацаа үлдээд байна. Улс орны улс төрийн болон цаг үеийн нөхцөл байдал бидэнд багагүй сорилт бэрхшээл үүсгэж ч мэднэ.
Дэлхий дахины болон улс орны геополитикийн нөхцөл байдал, гадна дотнын эрх ашгийн огтлолцлыг сайтар тооцож, Монгол хэмээх улс, үндэстний язгуур эрх ашгийг бид эн тэргүүнд бодолцох ёстой. Гагцхүү хуульд захирагдан, эв нэгдэл, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа эрхэмлэх нь зүйд нийцнэ. Аливаа шийдвэрийг Монгол төр, Монгол Улсын ирээдүйн эрхэм зорилгод нийцүүлэн, олон талаас нь нухацтай тунгаан бодож гаргах нь төр түшиж буй бидний үүрэг мөн.
Монгол Улсад эдийн засгийн, улс төрийн, нийгмийн тогтвортой байдал ус агаар мэт чухал байна. Тогтвортой байдал бол хөгжил цэцэглэлтийн суурь нөхцөл, аюулгүй байдлын цөм юм. Тогтворгүй байдал бий болгох сонирхол дотроос ч, гаднаас ч гардаг. Үүнээс сэргийлэх, улс үндэсний эрх ашгаа дээдлэх нь нэн чухал юм. Түүнчлэн цар тахал, дайнаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хямралыг дагаж үүсэн бий болж байгаа боломжуудыг ашиглах ёстой. Хямралыг боломж болгон үсрэнгүй хөгжих боломж бидэнд байна. Үүний тулд дотоодын ойлголцол, эв нэгдлээ эрхэмлэх шаардлагатай.
Амжилт ололт, сургамж ухаарал, сорилт шийдэл хосолсон ийм цаг үед илүү ухаалаг, илүү зөв, илүү үр бүтээлтэй ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна. Ингэж ажиллаж чадна гэдэгт Та бүхэндээ итгэж байна.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.
0 cэтгэгдэлтэй