Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга, хатагтай Ким Ён Жү манай улсад энэ сарын 15-17-ны өдрүүдэд төрийн дээд хэмжээний айлчлал хийлээ. Энэ хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхээр талууд хамтарсан төслийг хэрэгжүүлэх юм.
БНСУ-ын эрдэмтэн, судлаачдын баг өнгөрсөн жил буюу 2022 оны 11 дүгээр сард манай улсад зочилж, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих төслийн хүрээнд судалгааны ажлуудыг зохион байгуулсан ба судалгааны дүнд үндэслэн СХД, ЧД-үүдийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд хоол, шим тэжээлийн дутагдал, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, амьсгалын замын өвчин, эмгэг болон эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр ирэх зургаадугаар сард төслийн эхний шатыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хатагтай Ким Ён Жү-ийн айлчлалын хоёр дахь өдөр Монгол, Солонгосын эрдэмтэн, судлаачдын 20 гаруй төлөөллийг оролцуулсан уулзалт, семинарыг мөн зохион байгууллаа.
Уулзалт, семинарыг нээж Монгол улсын Ерөнхийлөгчиийн Байгаль, орчин, ногоон хөгжлийн бодлогын Н.Батхүү “Эрдэмтэн, судлаачид, зочид төлөөлөгчид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Эрүүл Монгол үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж хүн амын дундах өвчлөл, эндэгдэлийн тэргүүлэх эрсдлийг тогтоох, түүнийг бууруулах нийгмийн эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд ЕТГ олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран бодлогын судалгаа хийн загвар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын дэмжлэгээр Зорилтот бүлгийн хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах төсөл юм. Зорилтот бүлгийн хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зорилго бүхий уг төслийн хүрээнд Сонгинохайрхан, Чингэлтэй зэрэг дүүргийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг эрүүл мэндийн анхан шатны тусламжид хамруулах, сургалт явуулах зэрэг цогц ажлууд хийгдэн эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлэх чухал ач холбогдолтой, нэн хэрэгцээт үйл ажиллагаа юм” хэмээн төслийг дэмжин ажиллаж буй БНСУ-ын дэмжигч байгууллагуудад талархал илэрхийлэв.
Грийн хоспиталын захирал, Ноён Им Сан Хёг “Солонгос улс хэрхэн сүрьеэ өвчний тархалттай тэмцсэн туршлага” сэдвээр илтгэлээ эхлэхдээ “Монгол хүүхдүүдийн эрүүл мэндэд ихээхэн санаа зовниж явдагаа хэлээд Монгол хүний асуудлаас хамгийн чухал нь хүүхдийн эрүүл мэнд гэж бодож байна. Аль ч засгийн газрын үед хүүхдийн эрүүл мэндийг хамгаална гэдэг хүндрэлтэй асуудал байдаг. Би өнгөрсөн жил 11 сард Монгол улсад ирээд өөрийн харсан, ажигласан зүйлсээсээ улбаалан энэхүү төслийг хэрэгжүүлэхээр зорьсон юм. Манай улсын тухайд 1960-аас 70-аад онд үед сүрьеэ өвчин маш хүнд байлаа. Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын гуравдугаарт сүрьеэ бичигдэж байлаа. Одоо энэ тоо 100 мянган хүн амд дунджаар 10,0 болж буурсан, нас баралтын түвшин 1,1 болж чадсан. Энэ туршлагаа та бүхэнтэй хуваалцая” хэмээн илтгэлээ эхлүүлэв.
“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх төслийн хүрээнд зохион байгуулагдсан өнөөдрийн семинарт БНСУ талаас Грийн хоспиталын захирал, Ноён Им Сан Хёг “Солонгос улс хэрхэн сүрьеэ өвчний тархалттай тэмцсэн туршлага” сэдвээр, харин тус эмнэлгийн хяналтын тасгийн эрхлэгч Чой Юу Сон “Солонгос улсын сүрьеэгийн өнөөгийн нөхцөл байдал болон эмчилгээ, менежментийн систем” -ийн талаар мэдээлэл өгч, илтгэл тавилаа. Монгол талаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Эрүүл Монгол хүн” төсөл, хөтөлбөрийн албаны дарга, доктор О.Чимэдсүрэн “Монгол хүүхдийн эрүүл мэндийн асуудал” , Монголын сүрьеэтэй тэмцэх холбооны тэргүүн Н.Наранбат “Сүрьеэ өвчний тархалт, эмчилгээ, оношлогоонд тулгамдаж буй асуудал” сэдвээр, судлаач Д.Нарансүх “Агаарын бохирдол ба хүүхдийн өвчлөлийн өнөөгийн байдал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
0 cэтгэгдэлтэй