Дэлхий дахинд жилд дунджаар 400 мянган хүүхэд хорт хавдраар өвдөж байна

newslifemn 2023-02-15

Хүүхдийн хорт хавдрын шалтгааны 95 хувь нь одоог хүртэл тодорхойгүй байна. Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдэд тулгамдаж буй эрүүл мэндийн өвөрмөц асуудлуудын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжих, төлөвшүүлэх зорилготой өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.

Манай улсад 2017 оноос хойш энэхүү өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил ЭМЯ, ЭХЭМҮТ, ДЭМБ, МҮОХ-той хамтран 7 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дэлхий дахинд жилд дунджаар 400 000 хүүхэд хорт хавдраар өвддөг бөгөөд Монгол Улсад жилд уг өвчний 100 гаруй тохиолдол шинээр бүртгэгддэг байна.

2022 онд ЭХЭМҮТ-д 0-19 насны 89 хүүхэд хорт хавдраар оношлогдсон ба өдгөө эмчилгээ, үйлчилгээнд хамрагдаад байна. Монгол Улсад цусны, тархины, нүдний хорт хавдар, ходжкины болон ходжкины бус лимфома зонхилдог нь олон улстай харьцуулахад төстэй байгаа юм.

Хүүхдийн хорт хавдрын шалтгааны 95 хувь нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр. Иймд дэлхий нийтээрээ хүүхдийн хорт хавдрын эрт оношилгоо, чанартай эмчилгээнд анхаарал хандуулан ажиллаж байна.

ДЭМБ-аас 2018 онд Хүүхдийн хорт хавдартай тэмцэх глобаль санаачилгыг гаргасан байдаг. Уг санаачилгын хүрээнд 2030 он гэхэд хорт хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 хувиас дээш хүргэж нэмэгдүүлэх, дараагийн 10 жилд эмчилгээний чанар, хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан. Ингэж чадвал 1 сая хүүхдийн амь насыг аврах боломжтой хэмээн үзэж байна.

Монгол Улсын Засгийн газар хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулах зорилт тавьж ДЭМБ-ын дээрх санаачилгад 2021 онд нэгдсэн нь Номхон далайн баруун бүсийн улсуудаас Филиппиний дараа орох болсон юм. Тус санаачилгын хүрээнд ДЭМБ, ДЭМБ-ын Хамтын ажиллагааны төв болох АНУ-ын Сэйнт жүүд хүүхдийн эрдэм шинжилгээ, судалгааны эмнэлэгтэй хамтран Монгол Улсын Засгийн газарт хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.