ЦЕГ: Нагац эгч нь охиныг хөнөөгөөд, гэрчтэйгээ үгсэн тохиролцож худал мэдээлэл тараасан

newslifemn 2023-02-10

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр: Ховд аймгийн жаргалан сумын БОЭТ-д толгой дээрээ оёдол тавиулсан 15 настай эмэгтэй эмчлэгдэж байгаад нас барсан мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд хэргийг богино хугацаанд илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна. Шалгалтын ажиллагаагаар амь хохирогч Ж -гийн гэр бүлийн хамаарал бүхий Ж гэгч нь хэргийг үйлдсэн болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, хойшлуулшгүй тохиолдлоор 48 цагийн хугацаанд баривчлаад, таслан хорих цагдан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүлээд байна. 

Цахим орчинд мэдээлэл гарсанчлан амь хохирогчийг дөрвөн хүүхэд сургуулийн орчинд трубагаар цохиж гэмтээсэн гэх мэдээлэл нь шалгалтын явцад тогтоогдоогүй худал мэдээлэл.

Харин яллагдагч Ж нь үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Дөрвөн хүүхдэд зодуулж гэмтсэн” гэх худал мэдээллийг тарааж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан байна” гэлээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр “Хэвлэл мэдээллийн байгууллагынхан гэмт хэрэг зөрчлийн мэдээллийг нийгэмд түгээхдээ эх сурвалжаас нь нягталж байж авах ёстой. Иймд худал мэдээллийг анх удаа гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагад хариуцлагын асуудал яригдана.

Яг одоогийн байдлаар шинжээч эмнэлгийн дүгнэлт гараагүй. Дөрвөн охин трубагаар цохисон гэдэг худал мэдээлэл болох нь нотлогдож байна” хэмээв.