Хошин урлагийн ууган продакшны нэг “Х-ТҮЦ”-ийн уран бүтээлчид “Зохиолгүй амьдрал” тайзны инээдмийн жүжгээр үзэгчидтэйгээ уулзав. Тэд 10 жилийн тэртээ “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжгийг тоглож, үзэгчдийг уйлуулж байсан бол эдүгээ “Зохиолгүй амьдрал”-аар инээлгэж догдлуулж чадлаа.
Үнэхээр хүн бүр амьдралаа өөрийнхөө зохиолоор удирддаг байх даа гэсэн бодол энэ жүжгийг үзсэн хүн бүрт төрсөн байх. Тиймээс ч Соёлын төв өргөөний үүдний хэсэгт “Та өөрийнхөө зохиолгүй амьдралдаа гарчиг өгвөл” гэсэн самбарыг байрлуулж хүн бүр өөрийн амьдралын зохиолдоо нэр өгч бичиж байлаа.
Нөхөр нь түүнийг худалч гэж хэлээд явсан бол эхнэр яах ёстой вэ. Түүнийг буцааж авчрах олон арга бий. Жүжгийн гол дүр Кетти Гаррисонд буюу жүжигчин Г.Нарансолонго байнга л худлаа ярина. Тэр алдаагаа тэрбээр огтхон ч засаж чаддаггүй. Зүгээр л байнгын худлаа ярина. Гэр бүлийн сайн найзтайгаа өглөөний цай уусан ч тэрийгээ нууцалж худлаа ярьж, найзыгаа ч худлаа ярихаас аргагүй байдалд хүргэнэ. Энэ байдлаас үүдсэн эргүүлэг, гэнэтийн урьдчилан тааварлашгүй хуйвалдааны төсөөлөмгүй адал явдлууд өрнөнө. Бас нэлээн хөгжилтэй, үзэгчдийг огтхон ч уйдаахааргүй инээдэм хөвөрнө.
Эмэгтэй хүний гэм хоргүй жижигхэн заль мэх хаашаа эргэж хэрхэхийг үнэхээр тааварлашгүй билээ. Гэр бүлээ аврахын тулд эмэгтэйчүүд ямар ч боломжгүй зүйлийг хийдэг гэдгийг харуулсан жүжиг болжээ.
Урлагийн гавъяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн хамгийн анхны уран бүтээлүүдийн нэг “Худалч эхнэр” жүжгийг дахин найруулан тавьсан нь энэ бөлгөө.
Энд дурдахгүй байхын аргагүй зүйл бол жүжгийн тайз засалт болоод дуу хөгжим. Жүжигт хөг нэмж, үзэгчдийг суудал дээр нь өндөлзүүлж байсан зүйл бол яах аргагүй хөгжим, жүжигчдийн дуулалт, бүжиглэлт байлаа.
Жүжгийн төгсгөлд жүжигчдэд баяр хүргэхээр тэдний гэр бүлийнхэн ирсэн байсан бөгөөд ялангуяа хүүхдүүд нь ирсэн байсан хамгийн өхөөрдөм байв.
0 cэтгэгдэлтэй