Өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан /2023.01.13/ боллоо. Уг хурлаар намын эвлэрлийн асуудал болоод намын даргыг сонгох журмын талаар хэлэлцэх юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Туваанаас зарим байр суурийг сонирхлоо.
–АН-ынхан хэзээнээс эвлэрлийн гэрээ байгуулах гэж байна вэ?
-АН анхнаасаа эвдрэлцээгүй, харин эвдэлсэн хүмүүс бол эрх баригчид шүү дээ. АН-ын тамгыг улстөрийн эрх мэдэлдээ ашиглахын тулд хуучин ашиглаж байсан тамгыг хүчингүй болгох талаар улсын бүртгэлийн нэг байцаагчаар гаргуулаад шинэ тамга хийх ажлыг дахиад нэг байцаагчаар гаргуулсан байна. Улстөрийн эрх баригч намын халаасны байгууллага болсон төрийн бүтцийг ашиглаад төрийн эрх мэдлийг хууль бусаар ашигласан асуудлаас болж нам эвдэрсэн, бутарсан юм шиг харагдаад байгаа юм. Мөн улсын дээд шүүх дээр удаа дараалан, бүр 7 удаа хууль бус үйл ажиллагаа явуулсны үндсэн дээр эвдрэлтэй юм шиг харагдуулах ажлыг хийлээ.
Улсын дээд шүүх бол улстөрийн намуудын бүртгэл хийдэг бүртгэгч байгууллага болохоос биш дотроо ямар хурал ярив, яасан гэдгийг шийддэг байгууллага биш. Гэтэл ийм үйл ажиллагаа явуулж ирсэнд харамсаж байна.
– Үндэсний бодлогын хорооны хурлаар С.Баярцогт гишүүнийг даргаар сонгохоор болж хэлэлцээр хийлээ гэсэн яриа гарч байна. Энэ үнэн үү?
-Өнөөдрийн хуралд намын даргыг сонгох асуудал байхгүй. Харин намын даргыг сонгох журмыг ярилцаж батлах асуудал байгаа. Тэгэхээр намын даргаа хэрхэн яаж сонгох журмаа хэлэлцэнэ.
–Таны хувьд өнөөдрийн хуралдаанаас ямар хүлээцтэй байна вэ. Өнөөдрийн хурлыг АН-ын хувь заяаг шийдэх хурал гэж олон хүн дүгнэж байна?
-Улс төрийн нам гэдэг бол мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж сонгуульд оролцдог. Улс төр гэдэг бол уулзаж ярилцдаг харилцааны шийдвэр тул гишүүдтэйгээ уулзаж, ярилцаж эвлэрлийг байгуулах нь чухал байгаа юм. Тиймээс маш өндөр хүлээлттэй байна.
–Таны хувьд АН-ын дарга ямар хүн байх ёстой гэж бодож байна вэ?
-АН-ын дарга сонгох шалгуур хангасан намын гишүүн хэн ч дэвших боломжтой. Тиймээс намын даргад маш олон хүн нэр дэвших байх гэж бодож байна. Тухайлбал, залуучуудаас, ахмадуудаас, эмэгтэйчүүдээс, УИХ-ын гишүүдээс гээд шаардлага хангасан олон хүн нэр дэвшиж, ил тодоор өрсөлдөөн өрнөөсэй гэж бодож байна.
–Та өөрөө нэр дэвших үү?
-АН-ыг эвтэй байлгаж, эв нэгдлийг хангасан, ард түмний АН-аас хүлээсэн хүлээлтийг хангасан хүн намын дарга болоосой гэж хүсэж байна.
–Улстөрийн хүрээнийхэн АН-ын дарга болох хүн тодорхой болсон. Түүний ард МАН байгаа гэсэн яриа гарч байна?
-Ийм үлгэрт итгэх хэрэггүй. АН-ын дарга сонгох үед ямар их дотоод өрсөлдөөн болдгийг хүн бүр мэдэж байгаа. Харин дотоод өрсөлдөөн нь хэтэрчихээд байдаг юм. Өрсөлдөгч намаараа намын даргаа сонгуулчихаад өрсөлдөөнд орно гэж байхгүй шүү дээ.
–С.Эрдэнэ даргаар ахлуулсан АН-ынхныг МАН-тай нэгдсэн гэсэн яриа мөн гарч байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Улс төрийн хувьд энэ цаг хугацаа уулзалт хэлэлцээр хийх цаг үе. С.Эрдэнэ, Х.Баттулга нар бүгд нэг ширээний ард суугаад ярьж, хэлж байгаа амбицуудаасаа нэг алхам ухраад нэгдэж нэг тийшээ харах нь чухал байна. Бид одоо хагарч суух биш эвлэлдэж суух цаг.
0 cэтгэгдэлтэй