“Орос, Монголын хэвлэл мэдээллийн форум” өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Энэ форум нь хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, найрсаг харилцаа, стратегийн түншлэлийг мэдээллийн салбараар дамжуулан бэхжүүлэх зорилготой. Форумд Монгол, Оросын хэвлэл мэдээллийн салбарын удирдлага, сэтгүүлчид, мэргэжилтнүүд оролцлоо. Форумыг МСНЭ-ийн ерөнхийлөгч Л.Нинжжамц болон “Россия сегодня” олон улсын мэдээллийн агентлагийн ерөнхий редакторын орлогч О.Ю.Лисогор нар нээлээ. Тус арга хэмжээ үндсэн гурван сэдвийн хүрээнд боллоо. Эхний хэсэг “Шинэ формат, нэгдмэл утга агуулга:Мэдээллийн хамтын ажиллагаа Орос-Монголын түншлэлийг бэхжүүлэх нь. Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, редакц хоорондын шууд түншлэл, хамтарсан контент бүтээх боломжийг хэлэлцэнэ.
Хоёрдугаарт, “Дэлхийн мэдээг өөрийн үзэгч, уншигчдын хэлээр хэрхэн хүргэх вэ”. Олон улсын мэдээллийг үндэсний хэл, соёл, онцлогт нийцүүлэн түгээх, дэлхийн үйл явдлыг өөрийн үзэгч, уншигчдад ойлгомжтой хүргэх. Олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх. Мөн “Sputnik” агентлагийн редакцын үйл ажиллагаанд хиймэл оюун ухааны технологийг ашиглах талаар мэргэжлийн сургалт, мастер-класс зохион байгуулна. Гуравдугаарт, “Соёлын кодыг хадгалж, ирээдүйн медиаг бүтээх нь. Алгоритм, чиг хандлагыг дагахдаа үндэсний онцлогоо хэрхэн авч үлдэх вэ”. Цахим платформ, алгоритм, мэдээллийн технологийн хурдацтай өөрчлөлтийн үед үндэсний хэл, соёл, түүх, үнэт зүйл, онцлогоо хадгалан хөгжүүлэх, ирээдүйн хэвлэл мэдээллийн чиг хандлагын талаар хэлэлцсэн юм.
“Орос, Монголын хэвлэл мэдээллийн форум” нь хоёр орны сэтгүүл зүйн салбарын харилцааг шинэ шатанд гаргах, мэргэжлийн туршлага солилцох. Редакц хоорондын түншлэлийг хөгжүүлэх, хамтын ажиллагааг бодит боломжуудыг нээх чухал ач холбогдолтой юм. Энэ форумыг ОХУ-ын Цахим хөгжил, харилцаа холбоо, олон нийтийн мэдээллийн яам, “Россия сегодня” олон улсын мэдээллийн агентлаг, “Sputnik Mongolia” агентлаг, МСНЭ хамтран зохион байгууллаа.

0 cэтгэгдэлтэй