Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний түүхт 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна

newslifemn 1 цагийн өмнө

Монгол Улсад нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний болон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн (АШУҮИС) Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн түүхт 70 жилийн ойг 2026 оны 11 дүгээр сарын 12–13-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Ойн баярын хурал 11 дүгээр сарын 12-ны өдөр АШУҮИС-ийн Оюутны соёлын төвд болж, АШУҮИС-ийн Ректор, АУ-ы доктор, профессор Б.Дамдиндорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, АУ-ы доктор, профессор Н.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, УИХ-ын гишүүн, АУ-ы доктор Т.Мөнхсайхан нар мэндчилгээ дэвшүүллээ.
Ойн баярт эрүүл мэнд, боловсролын салбарын удирдлагууд, олон улсын байгууллагын төлөөлөл, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, үе үеийн эрдэмтэн багш, төгсөгчид, хамтран ажиллагч байгууллагын төлөөлөл, оюутан залуус оролцож, сургуулийн 70 жилийн түүхэн замнал, өнөөгийн хөгжил, ирээдүйн зорилтыг харуулсан “Энх амьдралын наран өөд” баримтат киног толилууллаа.
Мөн сургуулийн түүхэн замнал, үе үеийн эрдэмтэн багш, төгсөгчдийн бүтээсэн мэдлэг, туршлага, үнэт өвийг олон нийтэд таниулах зорилгоор түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн болон дараах бүтээлүүдийн нээлтийг хийлээ. Үүнд:
“НЭМС-ийн зурагт түүх” (1956–2026)
“НЭМС-ийн түүх” (1956–2026)
“Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн эмхэтгэл” (1956–2026), гурван боть
“Шинэ Нийгмийн эрүүл мэнд” сурах бичиг
Эдгээр бүтээл нь сургуулийн түүхэн хөгжил, эрдэм шинжилгээ, судалгааны ололт амжилт, үе үеийн багш, судлаачдын оруулсан хувь нэмрийг баримтжуулан үлдээж буйгаараа онцлог юм.
Монгол Улсад нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэж эхэлснээс хойш өнгөрсөн 70 жилийн хугацаанд тус сургууль олон мянган мэргэжилтэн, судлаач, эрдэмтнийг бэлтгэн гаргаж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Өдгөө НЭМСургууль 3,200 орчим төгсөгчтэй бөгөөд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдийн дийлэнхийг бэлтгэн гаргасан байна.
Нийгмийн эрүүл мэндийн хөгжил нь зөвхөн өвчнийг эмчлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэдэг. Энэ утгаараа Нийгмийн эрүүл мэндийн сургууль нь Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцооны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм.
Тус сургуулийн хамт олон КОВИД-19 цар тахлын үед эрдэм шинжилгээ, судалгаа, тандалт, оношилгоо болон бодлогын шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцож, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг ойн арга хэмжээний үеэр онцоллоо.