“Дасан зохицохуйн зам” төслийн хүрээнд “Нэг эрүүл мэнд”ахисан түвшний хамтарсан сургалт зохион байгууллаа

newslifemn 2 цагийн өмнө

“Дасан зохицохуйн зам” төслийн хүрээнд “Нэг эрүүл мэнд” (One Health) үзэл баримтлалд суурилсан ахисан түвшний хамтарсан сургалтыг Хөдөө аж ахуйн их сургуульд анх удаа зохион байгуулж, 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрчилгээ гардууллаа.
Тус сургалт нь хүн, мал, амьтан, байгаль орчны эрүүл мэндийн харилцан хамаарлыг цогцоор нь авч үзэх, уур амьсгалын болон нийгэм-экологийн өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
Сургалтад Сүхбаатар аймгаас малын эмч, хүний их эмч, байгаль хамгааллын мэргэжилтэн, ерөнхий боловсролын сургуулийн багш, аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн даатгал болон бусад салбарын нийт 30 төлөөлөл хамрагдаж, хөтөлбөрөө амжилттай дүүргэлээ.
Хөтөлбөрийг “Нэг эрүүл мэнд” чиглэлээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн профессор, судлаачид Монголын их, дээд сургуулиудын, тэр дундаа ХААИС-ийн эрдэмтэн, багш нартай зөвлөлдөн, хамтран боловсруулсан юм.
Сургалт 2026 оны 09 дүгээр сарын 30-аас 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжилж, онолын хичээл, семинар, хэлэлцүүлэг, кейс судалгаа, практик дасгал ажлыг хослуулан зохион байгуулагдлаа.
Сургалтад олон улсын эрдэмтэн, судлаачдаас профессор Барбара Хеслер “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын үндсэн ойлголт, түүхэн хөгжлийн талаар, профессор Ричард Кок биологийн олон янз байдал ба экосистемийн талаар, доктор Кевин Квинан тогтолцооны сэтгэлгээний талаар, доктор Никола Антуан-Муссио салбар дундын хамтын ажиллагаа, мэдлэгийн интеграцын талаар, доктор Жули Гарньер жендэр, тэгш байдал, нийгмийн оролцооны талаар тус тус хичээл заасан бол үндэсний багш, судлаачдаас доктор А.Сайнчулуу, доктор Б.Батхишиг, доктор И.Хатанбаатар, доктор Ө.Баярсайхан, доктор Ч.Цолмон, доктор Э.Очбаяр, доктор Б.Баасанжаргал нар хичээл, семинар удирдан явуулж, Монгол орны нөхцөлд “Нэг эрүүл мэнд” арга барилыг хэрэглэх мэдлэг, туршлагаа хуваалцлаа.
Сургалтын төгсөлтийн үйл ажиллагаа 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр болж, сургалтад хамрагдсан Сүхбаатар аймгийн мал эмнэлэг, хүний эрүүл мэнд, байгаль хамгаалал, боловсрол, төрийн захиргаа, нийгмийн хамгааллын болон бусад салбарын нийт 30 оролцогч гэрчилгээгээ гардан авлаа.
Сургалт нь Монголын болон олон улсын эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагаанд тулгуурлан боловсруулсан хөтөлбөрөөр орон нутгийн олон салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэж, “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх мэдлэг, арга зүй, хамтын ажиллагааны чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.
ХААИС нь цаашид олон улсын болон үндэсний эрдэмтэн, судлаачидтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалд суурилсан сургалт, судалгааг хөгжүүлэх, хүн, мал, амьтан, байгаль орчны эрүүл мэндийн уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлээр ажиллах юм.