“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2025 онд улсын болон орон нутгийн төсөвт 2.3 их наяд төгрөг төвлөрүүлжээ

newslifemn 5 цагийн өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дотоод хяналт  мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монгол Улсын ТОП аж ахуйн нэгжүүдийг 20 дахь удаагаа тэргүүлж, 2025 онд улсын болон орон нутгийн төсөвт 2.3 их наяд төгрөг төвлөрүүлэн, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үндэсний хэмжээний тэргүүлэх үйлдвэр юм.

Манай үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 45001, Хүний нөөцийн менежментийн ISO 30400 багц стандартын шаардлагыг хангаж, баталгаажуулалтын гэрчилгээ авсан. Түүнчлэн Байгаль орчны менежментийн ISO 14001, Эрчим хүчний менежментийн ISO 50001, Авлигын эсрэг менежментийн ISO 37001, Хүнсний аюулгүй байдлын менежментийн ISO 22000, Эрсдэлийн менежментийн ISO 31000 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.

Эдгээр стандарт нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нөөцийг зохистой ашиглах, шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, эрсдэл, боломжийг оновчтой удирдах нэгдсэн суурийг бүрдүүлж байна.

2025 оноос бид нэгдсэн менежментийн тогтолцоонд үе шаттайгаар шилжиж, олон улсын стандартуудыг харилцан уялдаатай хэрэгжүүлэхэд анхаарч байна. Ингэснээр үйл ажиллагааны давхардлыг бууруулж, хүн хүч, цаг хугацаа, материал, эрчим хүчний ашиглалтыг сайжруулахын зэрэгцээ үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зардлыг оновчтой удирдах, ажилтнуудын чанар, аюулгүй байдал, хариуцлагатай ажиллах хандлагыг төлөвшүүлэх боломж бүрдэнэ. Энэ бүхэн үйлдвэрийн газрын үр ашиг, тогтвортой хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой.

Бид стандартыг зөвхөн баримт бичгийн шаардлага төдий бус, ажилтан бүрийн өдөр тутмын ажил, дадал, хандлагын салшгүй хэсэг болгохыг зорьж байна. Ингэснээр ажилтан бүр стандартыг ухамсар, хариуцлагаараа мөрдөж, ажлын чанарыг эрхэмлэдэг стандартын соёлыг төлөвшүүлнэ.

Дэлхийн стандартын өдрийг угтан бид “Чанар болон стандарт – Тогтвортой хөгжлийн үндэс” сэдэвт чанар, стандартын зөвлөгөөнийг 2026 оны 10 дугаар сарын 13-нд анх удаа зохион байгуулсан. Зөвлөгөөнд Стандарт, хэмжил зүйн газар, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монсертф” ХХК-ийн төлөөлөл, салбарын экспертүүд болон манай үйлдвэрийн удирдлага, мэргэжилтэн, ажилтнууд оролцож, олон улсын стандартыг хэрэгжүүлэх, чанар, бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр туршлага, санал бодлоо солилцсон. Мөн стандартын хэрэгжилтийн үр дүн, сайн туршлагаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагаа болон стандартыг өдөр тутмын ажилд хэвшүүлэх арга замыг хэлэлцсэн.

Цаашид стандартчилал, хэмжил зүй, итгэмжлэл, баталгаажуулалт, сорилт, шинжилгээний лабораторийн чиглэлээр ажилладаг байгууллагууд, мэргэжлийн холбоод болон олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлдэг аж ахуйн нэгжүүд нэгдэж, Чанарын холбоондоо нэгдэх нь зүйтэй гэж үзэж байна. Ингэснээр салбарын нийтлэг асуудлыг хамтран шийдвэрлэх, нэгдсэн байр суурь, дуу хоолойгоо хүргэх, мэдлэг, туршлагаа солилцох, харилцан суралцаж хөгжих боломж бүрдэх юм.