ЭЗБХ: Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэв

newslifemn 1 цагийн өмнө

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2026.09.16/-ийн хуралдаанаар Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцлээ.
 УИХ-ы гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан “Олон улсын геополитикийн нөхцөл байдал дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал нь манай улсын эдийн засагт эрсдэл үүсгэж байгаа тул Азийн хөгжлийн банк хамтран “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл боловсруулсан. Төсөв төлбөрийн тэнцэлд үзүүлэх сөрөг нөлөөллийг саармагжуулах, шаардлагатай үед шуурхай ашиглах боломжтой санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой энэхүү санхүүжилтийн хөтөлбөрийн төсөл нь нийт 450 сая ам.доллар байх бөгөөд 200 сая ам.доллар нь төсвийн дэмжлэгийн эх үүсвэр, 250 сая ам.доллар нь гамшгийн болзошгүй үеийн зээлийн шугамаас бүрдэнэ. Төсөлд дурдсан санхүүжилтийн 50 сая ам.долларыг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор болсон. Болзошгүй зээлийн шугам нь эдийн засгийн гадаад шок, байгалийн гамшиг, эрчим хүчний нийлүүлэлтийн систем болон хүнсний хангамжийн доголдолтой холбоотой онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд шаардлагатай санхүүжилтийг цаг алдалгүй татах боломжийг бүрдүүлнэ” гэлээ.
Байнгын хорооны гишүүд Засгийн газрын өрийн хэмжээ, хөтөлбөрийн санхүүжилтийн зориулалтын талаар асууж, олон улсын зээл тусламжийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар саналаа хэлж Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг дэмжин, зөвшилцөх санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
 Үүний дараа УИХ гишүүн Л.Соронзонболд нарын өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Эдийн засгийн байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.