Өмнөговь аймаг “Элион групп”-тэй цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллана

newslifemn 3 цагийн өмнө

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн Засаг дарга Н.Энхбат, АЗДТГ-ын Байгаль орчны газрын дарга Х.Отгонмөнх нар БНХАУ-ын “Элион Групп”-ийн олон улсын хамтын ажиллагааны захирал Луо Вэй болон Дэд ерөнхийлөгч Гоу Вэйланг нартай хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
“Элион Групп” нь сэргээгдэх эрчим хүч, цөлжилт болон газрын доройтлыг бууруулах чиглэлээр 1988 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд БНХАУ-ын Кубуки цөлийг 8 хувиас 53 хувьд нөхөн сэргээж говь, хээрийн бүсийн нөхцөлд тохиромжтой, ус бага шаарддаг, нар болон хүйтэнд тэсвэртэй заг, бутлаг ургамлыг тариалах замаар ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна. Мөн хөрсний чийгийг хадгалах, усны хэрэглээг хэмнэх технологи, хур тунадас элбэг үеийг ашиглан дроноор модлог ургамлын үр тарих зэрэг инновацын шийдлүүдийг нэвтрүүлжээ.
Өмнөговь аймаг “Элион Групп”-тэй хамтран ажилласнаар:
• Цөлжилт, газрын доройтлыг бууруулах;
• Говийн бүсийн экосистемийг нөхөн сэргээх;
• Орон нутгийн иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх;
• Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх;
• Усны нөөцийг хэмнэлттэй ашиглах;
• Байнгын ажлын байр бий болгох зэрэг олон талын үр өгөөжийг бий болгох боломжтой юм.
Уулзалтын үеэр Өмнөговь аймгийн зүгээс орон нутгийн онцлог, байгаль цаг уурын нөхцөлд нийцсэн бизнесийн загварыг эхний шатанд туршин хэрэгжүүлэх, цаашид ойн анги болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах саналыг дэвшүүллээ.