Нийгмийн сүлжээг 13 насанд хүрээгүй хүүхдэд ашиглуулахыг хориглоно

newslifemn 10 цагийн өмнө

Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин, П.Ганзориг, Ч.Анар, О.Номинчимэг, Б.Жавхлан, Л.Гантөмөр, Ж.Галбадрах, С.Лүндэг нарын хамт “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” анхдагч, бие даасан хуулийн төслийг санаачлан боловсруулснаа өнөөдөр /2026.07.22/ УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
Монгол Улсад хүүхдийн цахим орчин дахь оролцоо, нийгмийн сүлжээний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг дагаад хүүхдүүд цахим орчинд дарамт, залилан, гэмт хэрэгт холбогдох эрсдэл нэмэгдсээр байна.
Өнөөгийн байдлаар хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой харилцааг Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулж байгаа боловч нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг, хүүхдийн нас баталгаажуулалт, нийгмийн сүлжээний хэрэглээ, аюулгүй байдал, хүүхдийг аливаа эрсдэлээс хамгаалахтай холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан эрх зүйн орчин бүрдээгүй байна.
Иймд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг цахим орчны сөрөг нөлөөлөл, дарамт, гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг хариуцлагыг тодорхой болгох зорилгоор тус хуулийн төслийг боловсрууллаа.
6 бүлэг, 20 зүйлтэй энэ хуулийн төслөөр нийгмийн сүлжээг 13 насанд хүрээгүй хүүхдэд ашиглуулахыг хориглох, 13 буюу түүнээс дээш 16 нас хүрээгүй хүүхдийн хэрэглээнд урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан болно.