Суудлын автомашины авто зам ашигласны төлбөрийг 1,000 төгрөгөөс 5,000 төгрөг, ачааны автомашины төлбөрийг 10,000 төгрөгөөс 20,000 төгрөг болгон шинэчилжээ

newslifemn 11 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож, уг шийдвэрийг 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхтэй холбогдуулан Зам, тээврийн яамнаас дараах мэдээллийг өгч байна.

Энэхүү шинэчилсэн тарифаар суудлын автомашины авто зам ашигласны төлбөрийг 1,000 төгрөгөөс 5,000 төгрөг, ачааны автомашины төлбөрийг 10,000 төгрөгөөс 20,000 төгрөг болгон шинэчилсэн байна. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн ангиллаас хамааран төлбөрийн хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэн байна.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар  нийт  111,916.7 км автозам байдаг. Үүнээс олон улс болон улсын чанартай 7,956.8 км автозам нь  хатуу хучилттай байна. Монгол Улсын 21 аймаг бүгд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдсон бөгөөд 100 гаруй сум, хилийн 5 боомт хатуу хучилттай замын сүлжээнд хамрагдаад байна. Үүнээс харахад олон улс, улсын чанартай авто замын сүлжээ жилээс жилд өргөжин тэлж, автомашины тоо ч мөн эрчимтэй өссөөр байна. Харин авто замын ашиглалт, засвар арчлалтад шаардагдах санхүүжилт бодит хэрэгцээнээс үлэмж дутмаг байгаа нь томоохон хүндрэлийг үүсгээд байна.

Авто замын ашиглалтын норм, стандартаар хатуу хучилттай замд 6 жил тутам ээлжит засвар, 13 жил тутам их засвар хийх шаардлагатай байдаг. Гэвч улсын төсвийн хүрэлцээ муу байгаагаас шалтгаалан шаардлагатай засвар, арчлалтын ажлыг бүрэн хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байгааг холбогдох албаныхан онцолж байна.

Зам, тээврийн яам жил бүр авто замын засвар, арчлалтад шаардлагатай хөрөнгийн саналаа улсын төсөвт хүргүүлдэг ч бодит хэрэгцээний 12-13 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт л шийдвэрлэгдэж байна. Үүний зэрэгцээ зам барилгын материал, шатахуун, засвар арчлалтын зардал эрс өссөн нь төлбөрийн хэмжээг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсгэсэн байна.

Автозамын тухай хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ашиглаж буй тээврийн хэрэгслийг авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөх бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу түргэн тусламж, гал түймэр унтраах, онцгой байдлын болон төрийн шуурхай ажиллагааны зориулалттай тээврийн хэрэгслүүд мөн төлбөрөөс чөлөөлөгдөнө.

Мөн энэ оноос эхлэн авто зам ашигласны төлбөрийг улсын хэмжээнд байрлах 33 цахим төлбөр авах цэгээр бүрэн цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна.

Шинэчилсэн тариф нь Улаанбаатар хотоос орон нутаг руу гарах болон аймаг хоорондын олон улс, улсын чанартай авто замуудад мөрдөгдөнө. Үүнд нийслэлээс баруун, хойд, зүүн, өмнөд чиглэл рүү гарах авто замууд, мөн Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн олон улсын авто зам болон аймгуудыг холбосон улсын чанартай хатуу хучилттай авто замууд хамрагдах юм.