Төв аймгийн Сэргэлэн суманд адууны эмнэлэг барина

newslifemn 2026-05-27

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй төлөөлөгчдийг тавдугаар сарын 25-нд хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Засаг дарга Л.Төмөрчөдөр БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Төв аймгийн Сэргэлэн суманд “Адууны эмнэлэг барих төсөл” хэрэгжүүлэх санал, төслийн ач холбогдлын талаар танилцуулсан байна.

Тэрбээр Сэргэлэн суманд уяачид олноор нутаглаж, адууны аж ахуй түлхүү хөгжсөн тул мэргэшсэн мал эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай байгааг онцоллоо. Мөн уг эмнэлэг ашиглалтад орсноор адууны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ мал эмнэлгийн чиглэлийн сургалт, судалгааны ажлыг хөгжүүлэх боломжтойг дурдсан байна.

Төслийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, 2024 оны 12 дугаар сард хоёр улсын холбогдох яам болон их, дээд сургуулийн удирдлагууд хэрэгжүүлэх протоколд гарын үсэг зуржээ. Гэвч хоёр улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбоотойгоор төслийг эхлүүлэх албан ёсны шийдвэр хараахан гараагүй байгааг профессор А.Гомбожав уулзалтын үеэр тодотгож, төслийн саналыг дахин уламжилж өгөхийг Элчин сайдаас хүсэв.

Элчин сайд Чой Жин Вон төслийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, хэрэгжилтийг урагшлуулахын тулд ХХААХҮ-ийн сайд болон Сангийн сайдын дэмжлэг бүхий албан бичгийг БНСУ-ын Элчин сайдын яаманд хүргүүлэхийг хүслээ.

Төв аймгийн Сэргэлэн суманд 778 өрхийн 2117 хүн ам оршин суудаг бөгөөд 170 мянга гаруй мал сүрэгтэй, адууны аж ахуй түлхүү хөгжсөн бүс нутаг юм.