Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2026.05.26/-ийн хамтарсан хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн 3 дахь хэлэлцүүлэг, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Ирэх жилүүдэд нүүрсний олборлолт тогтвортой, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөж экспорт тогтвортой нэмэгдэнэ. Мөн хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүд үр өгөөжөө өгнө хэмээн төсвийн төсөөлөлд тусгасан. Гэхдээ Ойрх дорнодод үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж шатахууны үнэ өсөх, үйлдвэрлэлийн зардал нэмэгдэх, аж ахуйн нэгжүүдийн ашиг буурах, дунд хугацаанд хөрөнгө оруулалтын идэвх саарах төлөвтэй байна. Иймд сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах боломжийг бүрдүүлэх нь чухал гэж зарим гишүүд санууллаа.
Хамтарсан хуралдааны төгсгөлд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Заяабал танилцуулж, Төсвийн хүрээний мэдэгдлийг дагаж оруулж ирсэн энэ хуулийн төслийг анхны болон эцсийн хэлэлцүүлгийг хамтад нь хийх горимын санал 51,3 хувиар дэмжигдлээ.

0 cэтгэгдэлтэй