ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН

newslifemn 3 цагийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.03.26/ хуралдаж, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төсөл, УИХ-ын гишүүдэд зориулсан E.parliament.mn платформын танилцуулга, мэдээллийг сонслоо.

Хуралдааны шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, дэд дарга У.Отгонбаяр, дэд дарга А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн, ГБХНХ-ын сайд Т.Аубакир нар мэдээлэл хийв. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас УИХ-д өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг дагалдаж, 12 хуулийн төсөл өргөн барьжээ. МАН-ын бүлгийн гишүүд тус хуулийн төслийн танилцуулгыг сонсож, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Улмаар хуулийн төслийн хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн хэлсэн саналуудыг тусгах, тодорхой зөв зохицуулалттай болгох талд нь анхаарч ажиллахаар тогтов.

МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал хэлэхдээ, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төсөл нь анх удаа ярьж байгаа зүйл биш. Хоёр жилийн өмнөөс яригдсан. Тэтгэвэр авагчдад олон эх үүсвэрээр тэтгэвэр авах боломжийг бүрдүүлэх, Үндэсний хуримтлалын системийг бий болгох, үүнийгээ үндэсний томоохон бүтээн байгуулалт руу эх үүсвэр болгож ашиглах, шимтгэл төлөгч нарт баталгаат өгөөж өгдөг байх асуудлыг шийдэх юм.

Татвар, шимтгэл төлөгчдийн хуримтлуулсан хөрөнгийг өвлүүлдэг байх ёстой. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтарсан судалгаа тооцооллууд хууль хоорондын нийцлийг хангаж ажиллах нь чухал гэдгийг онцлов. ГБХНХ-ын сайд Т.Аубакир өнөөдрийн байдлаар 135 мянга орчим иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон. Одоогоор 80 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал үүссэн. Гэтэл үүнийг зохицуулж байгаа хууль эрх зүйн орчин манай улсад байхгүй. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг баталснаар ажил олгогчид хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжүүлэх ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн урт хугацааны дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлж байгаа юм.

Хувийн нэмэлт тэтгэврийн сангуудыг хөгжүүлснээр төвлөрсөн мөнгийг дахиад өөр бусад салбар руу хөрөнгө оруулалт хийх, шинэ хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй болж байгаа юм. Түүнчлэн хувийн нэмэлт тэтгэврийн санд бий болсон даатгуулсан, төлсөн шимтгэлээ өвлүүлэх боломж бүрдэж байгааг тодотголоо.

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь УИХ-ын гишүүдэд зориулсан E.parliament.mn платформын танилцуулгыг УИХ-ын Тамгын газраас хийсэн. “E-Parliament” платформ нь зөвхөн технологийн шинэчлэл төдий бус, парламентыг иргэддээ ойртуулах, УИХ-ын гишүүдийн өдөр тутмын ажлын төлөвлөлт, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, батлах үйл явц, санал бүртгэх, хуралдааны тэмдэглэл хөтлөх зэрэг олон үйл ажиллагааг цахимжуулсан төдийгүй УИХ-ын гишүүдийн шийдвэр гаргалтыг ил тод, үнэн бодит мэдээлэлд үндэслэх боломжийг бий болгож байгааг тодотгосон.

Дээрх платформыг ашигласнаар их өгөгдөлд суурилсан 17 төрлийн 200 мэдээлэл харах боломж бүрдэнэ гэдгийг УИХ-ын Тамгын газраас танилцуулсан юм.