Ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн хамт олон сургуулийнхаа түүхт 60 жилийн ойг угтан “60 жил-60 бүтээлч ажил” санаачилгыг эхлүүлжээ. Энэхүү ажлын хүрээнд багш, сурагчид хамтран сургалтын орчин, соёл, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх олон талт бүтээлч ажлыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү “Монгол өв соёл” бийрийн бүтээлийн үзэсгэлэн гэнэ.
34 дүгээр сургуулийн Монгол хэл, бичиг, уран зохиолын багш Г.Даваанасан хоёр жил гаруйн хугацаанд 40 сурагчтайгаа нийлж 100 гаруй бүтээлийг уран бичиж, босоо бичгийн гайхамшгийг таниулахаар зорьжээ. Багш, сурагчид өнгөрсөн жил “Монголын нууц товчоо” сэдэвт үзэсгэлэнг нийслэлийн хэмжээнд дэлгэж байжээ. Энэ удаад дэлгэсэн бүтээлийнхээ онцлогийн талаар “Эрийн гурван наадмын агуулга, үнэ цэнийг хүүхэд, залуус, эцэг эхчүүдэд танин мэдүүлэхийг хүссэн. Тухайлбал, үндэсний бөхийн 13 цолын эрэмбэ, сурын харвааны 15 цол, шагайн харвааны 9, уяачдын 5 цолыг иж бүрэн босоо бичгээрээ бичиж, малгай, залаа, тэмдгийн утга учрыг хадмал тайлбартайгаар харуулж буйгаараа онцлог” гэв.
Сурагчид өөрсдийн бичсэн бийрийн уран бичлэг, эшлэл, шүлэг, сургаал үгсийн агуулгыг НИТХ-ын дарга А.Баяр болон Төлөөлөгчдөд тайлбарлан танилцууллаа.
Сургуулийн Захирал Р.Өлзийхишиг “Багш, сурагчдын минь хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийг НИТХ-ын удирдлага таатай хүлээн авч энэхүү танхимдаа дэлгэх боломжоор хангаж байгаад талархаж байна. Босоо бичиг бол төрийн бичиг болчихлоо. Албан харилцаа хос бичгээр олон нийтэд хүрч эхэлсэн. Тиймээс үндэснийхээ бичиг, соёлыг хамгаалах, хүүхэд залуус, сурагч оюутнуудын үндэсний бичгээ сурах эрмэлзлийг бий болгох, сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж байна” гэдгийг онцоллоо.
НИТХ-ын дарга А.Баяр “Монгол хэлний тухай хуульд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөнө гэж заасны дагуу улс, нийслэлийн хэмжээнд албан хэргийг кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулж байна. Өнөөдрийн Ээлжит VI хуралдаанд Нийслэлийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн захирал Р.Өлзийхишиг, тус сургуулийн дэргэдэх “Гэгээн эгшиг” монгол бичгийн дугуйлангийн багш Г.Даваанасан болон дугуйлангийн 23 сурагч хүрэлцэн ирж, өөрсдийн сэтгэл, оюунаа гайхуулсан 100 гаруй бүтээлээ дэлгэж байна. Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, бахархах, шамдан сурах хүсэл эрмэлзлийг бий болгохоор зорьж яваа багш, сурагчдад амжилт хүсэж, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье” гэв.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

0 cэтгэгдэлтэй