Монгол брайль үсгээр хэвлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр /2026.01.12/ танилцуулж, дээжийг нь Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо болон Монголын номын сангийн консерцумын төлөөлөлд гардуулан өглөө.
Монгол Улсын Их Хурлаас мэргэжлийн байгууллага, холбоотой хамтран хэвлэн нийтэлсэн энэхүү брайль Үндсэн хууль нь 2019 оноос хойш оруулсан бүх нэмэлт, өөрчлөлтийг багтаан нийтэлснээрээ онцлог юм.
Хууль тэгш үйлчлэх зарчим, иргэн бүр мэдээллийг тэгш, хүртээмжтэй авах эрхийг бодитоор хэрэгжүүлэхэд чиглэсэн энэхүү арга хэмжээг Улсын Их Хурлын дарга нээж хэлсэн үгэндээ, Үндсэн хуулиа дээдэлж, сахин биелүүлэх нь хүн бүрийн үүрэг тул Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийг хэвлэн түгээж, нийгмийн бүлгүүдийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төрөл бүрийн ном, хэвлэл, контент бэлтгэн, иргэддээ Үндсэн хуулийн боловсрол олгох, түгээн дэлгэрүүлэхийн чухлыг онцолсон.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Жил бүр Үндсэн хуулийн өдрийг угтан Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газраас олон арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жил энэ ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг монгол брайль үсгээр хэвлэж, нийтийн хэрэгцээнд зориулан хүргэж байна. Энэхүү хэвлэл нь брайль үсгээр уншдаг хүмүүст Монгол Улсын Үндсэн хуультай өөрийн биеэр илүү сайн танилцах, судлах боломжийг бий болгож байгаагаараа ач холбогдолтой юм хэмээлээ.
Монгол Улсад 2024 оны байдлаар 11.500 гаруй харааны бэрхшээлтэй иргэд бий гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна. Энэхүү номоос эрх зүйн мэдлэгийг эх сууриас нь буюу Үндсэн хуулиас олж авах, өөрийн төдийгүй бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах, засаглалын тогтолцоо, эрх үүргийн хуваарилалтын талаарх мэдээллийг авах, хууль дээдлэх, хуулийг сахин биелүүлэх мэдлэг, чадварт суралцахад тус болно гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга илэрхийлсэн.
Өнгөрсөн 2025 онд Монгол Улсын Их Хурлын parliament.mn цахим хуудсанд байршуулан олон нийтэд түгээсэн Монгол Улсын Үндсэн хуулийн дохионы хэлэнд хөрвүүлсэн болон аудио хувилбарын хандалт тус бүр 600 мянга гаруйд хүрснийг тэрбээр дурдаад, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх брайль хэвлэлийн төвд хэвлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийг Монгол Улсын үндэсний номын сан, 21 аймаг, 9 дүүргийн болон бусад номын сан, Хууль тогтоомж сурталчлах төвүүдээр дамжуулан түгээхээр төлөвлөж байгааг дуулгасан юм.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Ч.Дэлгэрмаа, Өнөөдөр бид ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчим болох хүний эрх, энэрэнгүй ёс, шударга ёсыг цогцлоох суурь зарчмуудыг өөрийн мэдэх брайль үсгээр унших боломж бүрдэж байна. Мэдээлэл авах боломж хязгаарлагдмал 11.500 гаруй хүн, мөн тийм тооны сонсголын бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах чухал үйл явдал болж байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангаад зогсохгүй хүн бүр суурь эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх түүхэн үйл явдал хэмээн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо онцлон тэмдэглэж байна хэмээлээ.
Тэрбээр, энэ түүхэн үйл явдлыг төр засаг, олон нийт, хүн бүр хөхиүлэн дэмжиж, хүн бүрийн суурь эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бүрэн дүүрэн хангах чиглэлээр олон талт соён гэгээрүүлэх үйл ажиллагааг цаашид зохион байгуулахыг холбооны зүгээс уриалж буйг дуулгалаа.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Тамгын газрын удирдлага, НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөл оролцсон бөгөөд УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун нар брайль үсгээр хэвлэгдсэн Үндсэн хуулийг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Ч.Дэлгэрмаа, Парламентын номын сангийн эрхлэгч Ц.Мөнх-Эрдэнэ, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвийн дарга З.Лхагвасүрэн, Монгол Улсын үндэсний номын сангийн Ном бүрдүүлэх, солилцох, боловсруулах хэлтсийн дарга Г.Гүнжинлхам, Ц.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн хараагүйчүүдийн номын сангийн номын санч П.Оюунбаяр нарт гардуулан өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0 cэтгэгдэлтэй