Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Нийслэлийн онцгой байдлын газарт өнөөдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа анх удаа нээлттэй танилцуулав.
Тухайлбал, Баянзүрх дүүрэг хүн ам, нутаг дэвсгэрийн онцлогоос шалтгаалж гэмт хэргийн тоогоор 21 аймагт бүртгэгдсэн нийт гэмт хэргийн тооноос давсан үзүүлэлттэй байна. Дүүргийн хэмжээнд нийт 10 мянга орчим хэрэг прокурорын бүртгэлд байгаа аж. Иймд дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс мансууруулах бодисын эсрэг, хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэлээдгүй ажлыг зохион байгуулсан байна. Ингэхдээ орон сууцны хорооллын дундах нийтийн эзэмшлийг хааж авто зогсоолын хаалт хийсэн газруудын зөрчлийг арилгаж онцгой байдал, түргэний машин зэрэг яаралтай тусламжийн авто машин орох боломжийг бүрдүүлжээ. Чингэлтэй дүүргийн салбар зөвлөлөөс технологийн дэвшилд суурилсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх AI видео контент, бичлэгийг цувралаар үзэгчдэд хүргэж байгаа нь үр дүнгээ өгчээ.
Баянгол дүүрэг хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргийг бууруулах хүрээнд эцэг эхийн өргөтгөсөн өдөрлөг, соёл урлагийн нөлөөллийн ажлыг зохион байгуулжээ. Мөн архидан согтууруулахтай тэмцэх зорилгоор цагдаагийн байгууллагуудтай хамтарч баар цэнгээний газруудад хяналт шалгалт хийсэн байна. Учир нь тухайн дүүрэгт гарч буй гэмт хэргийн дийлэнх нь архины сэдэлтэй байна гэдгийг онцоллоо.
Тэгвэл Сүхбаатар дүүрэг гудамж талбайн камержуулалтыг нэмэгдүүлж дүүргийн Теле камерын төвтэйгөө бүрэн холбожээ. Хан-Уул дүүрэгт залилах гэмт хэрэг давамгайлж байгаа бол алслагдсан Налайх, Багануур дүүргийн хувьд мөн л хулгай, залилан, зам тээврийн зөрчилтэй холбоотой гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна. Эдгээр төрлийн гэмт хэргийн тоо нэмэгдэж буй шалтгаан нь Теле камерын төвтэй болж камержуулалтыг сайжруулсан холбоотойгоор гэмт хэргийн илрүүлэлт нэлээд өндөр үзүүлэлттэй байгаа аж.
Түүнчлэн Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд өөрсдийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажлын үр дүнгээ танилцууллаа. АТГ-аас 2025 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарласантай холбоотойгоор нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудад шат дараатай ажлуудыг зохион байгуулсан бол Нийслэлийн цагдаагийн удирдах газар олон улсын стандартын дагуу бүрэн камержуулж ажилласан байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд 5600 гаруй зөрчил, гэмт хэргийг илрүүлсэн байна. Нийслэлийн боловсролын газраас сургууль дээрх зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудыг сэтгэл зүйчтэй болгож, шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байна. Мөн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс камерын бүрэн хяналтыг хэрэгжүүлж байгаа бөгөөд тусгай чиг үүргийн байгууллагуудаас ирсэн 1000 гаруй камерын бичлэг хянах хүсэлтэд хариу өгсөн байна. Үүнээс 240 гаруй нь зам тээврийн осолтой холбоотой дүрс, бичлэг эзэлж байна.
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргүүдэд хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, залилан, цахим гэмт хэргээс сэргийлэх хүрээнд ажиллах чиглэл өгсөн нь тухайн салбар зөвлөлүүдэд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой, үр дүнгээ өгөхөд ихээхэн ач холбогдол өгсөн талаар холбогдох байгууллагууд онцоллоо.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд болоод дүүргийн салбар зөвлөлүүд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулж, алдаа оноо, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэргээ ярилцаж, санал солилцсон хуралдаан боллоо.

0 cэтгэгдэлтэй