Төв аймагт “Эрүүл жолооч-2” хамтарсан арга хэмжээг зохион байгууллаа

newslifemn 2025-06-16

Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөл, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Өрхийн ЭМТ-тэй хамтран ЭРҮҮЛ ЖОЛООЧ-2 хамтарсан арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд  орон нутгийн замд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч 420 иргэний артерийн даралт үзэж, зөв хооллолт, нойрны эмгэг сэдвүүдээр зөвөлгөө өгч, гарын авлага тараасан байна.
Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч, автомашины эрүүл мэндийн багц өгч ажиллалаа.
Хамтарсан арга хэмжээг Төв аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа улс, орон нутгийн авто зам дагуух 5 байнгын хяналтын постын ахлах зохицуулагч, зохицуулагч цагдаа, Зуунмод сумын өрхийн ЭМТ, Лүн, Баян, Баянчандмань, Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвийн эмч эмнэлгийн мэргэжилтэн нар хамтран үүрэг гүйцэтгэлээ.
Урин дулааны цаг ирж төв суурингаас орон нутгийг чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөн эхлэхээсээ өмнө зам орчноо шалгах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой, зам орчиндоо хурдаа тохируулан, хамгаалах бүс болон хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг ханган өөрийн болон бусдын аюулгүй байдлыг  ханган замын хөдөлгөөндөө яаралгүй тайван соёлтой оролцож явахыг уриалж байна.