
Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд манай улсын 191 сургуулийн 7,446 сурагч хамрагдана. Уг үнэлгээг 15 настай сурагчдаас авдаг ба нийгэм, эдийн засгийн амьдралд оролцоход шаардагдах мэдлэг, чадвараа хэр эзэмшсэн байна вэ гэдгийг үнэлдэг олон улсын үнэлгээ юм. Сургуулийн орчинд болон бодит амьдралд тохиолдож болох нөхцөлд сурсан мэдлэгээ хэрэглэж байгаа чадварыг үнэлдэг.
Манай улсын хувьд PISA үнэлгээнд хоёр дахь удаагаа орж байгаа ба ирэх тавдугаар сарын 15-ыг дуустал үргэлжлэх юм. Энэ жилийн нэг онцлог нь сонгогдсон сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид болон байгалийн ухааны багш нар асуулга, судалгаанд хамрагдах гэнэ.
Сурагчдын мэдлэг чадварыг математик, унших болон байгалийн ухаан гэсэн үндсэн агуулгаар үнэлдэг. Байгалийн ухааны агуулгад хими, биологи, физик болон газарзүйн агуулга багтана.
Сурагчид цахим орчинд суралцах чадвараа үнэлүүлэх шинэ даалгавруудыг гүйцэтгэнэ. Мөн сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор сурагчдаас асуулга, судалгаа авдаг.
0 cэтгэгдэлтэй