Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын чуулганы (2024.12.06)-ийн нэгдсэн хуралдаан Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөж журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр эхэлсэн юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хуралдааны эхэнд өнөөдөр тохиож буй Монголын Ардчилсан намын ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ гэж заасныг 2027 оны наймдугаар сарын 01 болгож хойшлуулахаар тусгаад байгаа юм. Хуулийг төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ ахалж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн Э.Одбаяр, Г.Уянгахишиг нар ажилласныг дурдаж, Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед тус ажлын хэсгээс нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хугацааг 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор болгон өөрчлөх, мөн уг хуулийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр заасныг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болгон өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ч.Анар, Ж.Алдаржавхлан, С.Амарсайхан, Б.Батбаатар, Ж.Баярмаа, А.Ундраа, Ө.Шижир, Б.Жаргалан нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Засгийн газарт намууд хамтран ажиллаж байгаа боловч төрийн албаны дунд, доод шатанд АН болон ХҮН намын төлөөллийг томилох ажил удаашралтай явагдаж байгаад анхаарал хандуулж, хамтын ажиллагааг иж бүрэн болгох шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Харин Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир нар улс төрий намын төлөвшлийг удаашруулах үр дагавартай гэж үзэн хуулийн төслийг дэмжихгүй байх бүлгийнхээ байр суурийг илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ч.Анар, Б.Жаргалан нар улс төрийн шалтгаан, учир холбогдолтойгоор хуулийн хэрэгжилтийг хойшлуулах гэж байгааг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, ажлын хэсэг болон Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд санаачилга гарган хуулийн хэрэгжилтийг хойшлуулах хугацааг нэг жил болгон богиносгох санал гаргасныг дэмжиж байна гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан хууль хэрэгжиж эхэлснээс хойших жил хагасын хугацаанд дүрмээ шинэчилж, дотоод зохион байгуулалтаа өөрчлөн, төлөвшлийн ажлыг эхлүүлж чадаагүй намууд ирэх нэг жилийн хугацаанд энэ ажлаа амжуулж хийхийг зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан энэ асуудал улс орны амьдралд ихээхэн чухал тул аль болон улс төржихгүйгээр шийдвэрлэж, намуудад цаг хугацаанд шахагдахгүйгээр дүрэм журам, дотоод байгууллаа шинэчлэх ажлыг чанартай хийх боломж олгох нь зүйтэй гэсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Улстөрийн намын тухай хуулийг бүхэлд нь дахин эргэж харж, парламентад суудалгүй жижиг намуудын саналыг тусгаж шинэчлэн батлах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа хууль хэрэгжээд жил гаруй болж байхад дүрмээ шинэчилж, Улсын дээд шүүхэд бүртгүүлж чадаагүйнхээ төлөө хуульд өөрчлөлт оруулж байгаа нь зохисгүй явдал гэж үзэж буйгаа илэрхийлээд, хуулийн төслийг санаачлагчид нь буюу Засгийн газарт буцаах саналтай байгаагаа хэлэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан улс төрийн намуудыг бодлогын нам болгон төлөвшүүлэх үүднээс дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг хуульд нийцүүлэн шинэчлэх, бүртгэх асуудал ихээхэн чухал учир энэ талаарх боломж бүх намуудад тэгш байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Ажлын хэсэг боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хууийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
0 cэтгэгдэлтэй