Орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор ХҮН намаас мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн П.Ганзориг “ХҮН нам энэ удаагийн сонгуульд 400 орчим төлөөлөгч нэр дэвшүүлсэн. Юуны өмнө манай намд итгэж саналаа өгсөн иргэддээ баярлалаа. Бид энэ удаагийн сонгуулиар Архангай, Сэлэнгэ, Дорнод аймагт 3 төлөөлөлтэй болсон. Мөн Улаанбаатар хотоос ХУД, Багануур дүүрэгт ИТХ-ын төлөөлөлтэй болсон.
Намын зүгээс олон талаас нь санал дүгнэлт гаргаж ажиллаж байна. Сонгуулийн үр дүнд хоёр зүйл тодорхой байгааг тодотгож хэлье.
Нэгдүгээрт, нийслэлд 45 төлөөлөгч сонгогдоно. МАН нийт сонгогчдын 50 орчим хувийн саналыг авсан хэдий ч 45 төлөөлөгчийн 90 гаруй хувийг авсан. Энэ нь 100 хувь мажоратори тогтолцоогоор явж байгаагийн гажуудал юм. Бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд УИХ-ын сонгуульд ҮХНӨ-ийг оруулж, үүний хүрээнд холимог тогтолцоог оруулж ирсэн. Ингэснээр парламентад 5 намын төлөөлөл орж, 5 намын төлөөллийн 50 орчим хувь нь эрх баригч намаас, бусад нь 4 намаас сонгогдож, олон намын тогтолцоотой парламентын ардчиллыг бэхжүүлсэн сонгууль болсон. Хэрвээ ҮХНӨ-ийг хийгдэж, холимог тогтолцоогоор УИХ-ын сонгууль яваагүй бол яг саяны орон нутгийн сонгууль шиг үр дүн гарах байсан. Өөрөөр хэлбэл нийт сонгогчдын 40-50 хувийн саналын дэмжлэгийг аваад парламентад очоод суудал нь хуваарилагдахаар 80-90 хувийн төлөөллийг бүрдүүлдэг. Хуучин тогтолцоогоор явж байсан бол 76 суудлын 60-70 хувийг нь МАН дангаараа бүрдүүлсэн тогтолцоо байх байсан. ХҮН намын төлөөллүүд цаашдаа орон нутгийн сонгуулийн тогтолцоог зайлшгүй өөрчлөх шаардлагатай байгааг энэ сонгуулийн үр дүн харууллаа. Энэ бол бодитой сонгуулийн үр дүнгээс тооноос гарч ирж байга дүгнэлт шүү.
Хоёрдугаарт. Ирц түүхэндээ байгаагүй хамгийн бага хувьтай байлаа. Улаанбаатар хотод ирц 42 хувьтай. Үндсэндээ нийт сонгогчдын 60 хувь нь саналаа өгсөнгүй. Сонгуулийн ирц 3 орчим хувиар дахиад буурсан бол нийслэлийн ИТХ-д МАН 45 суудлыг дангаараа бүрдүүлэх эрсдэлтэй байсан. Энэ бол 100 хувь мажоритар системээр явуулж байгаагийн гажуудал. Энийг засах цаг болсон. Тиймээс ХҮН намаас цаашдаа сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулах тал дээр анхаарч, санал оруулж ажиллана” гэлээ.
Нийслэлийн ХҮН намын дарга Э. Золзаяа “Сүүлийн хоёр өдрийн турш өөрчлөлтийг дотроосоо болон гаднаас хийх зайлшгүй шаардлага гарсан юм байна гэж бодсон. Сурталчилгааны хугацаа эхлэх үед ХҮН намын нэр дэвшигчид хотын хөгжлийн бодлогыг маш сайн гаргаж ярьсан. Гэвч бодлогын мэтгэлцээн болж чадсангүй. ХҮН намд саналаа өгсөн 220 мянган сонгогчдодоо баярлалаа. Одоо МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг харж, хяналт тавих л үлдлээ. Бидний найдвар залуучууд байсан. Иргэд орчин нөхцөлдөө дүн тавьж, өөрчлөлийг хүсэх болов уу гэж найдаж байсан ч залуус хангалттай саналаа өгч чадсангүй” гэв.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа “Сонгуульд төрийн албыг ашиглаж байгаа энэ булхай нь Ардчилсан Монгол Улсад гацаа болж байна. ХҮН нам үүнийг өөрчлөх болно” гэх байр суурийг илэрхийллээ.
0 cэтгэгдэлтэй