Т.Амартүвшин
2024 оны НИТХ-ын сонгуулийн VIII тойрог буюу Хан-Уул дүүрэгт ХҮН намаас нэр дэвшигч Галнэмэхийн Цогнэмэхтэй түүний хэрэгжүүлэхээр зорьж буй ажлынх нь талаар ярилцлаа.
-Сонгуулийн ажил амжилттай юу. Юуны өмнө иргэд, сонгогчдод өөрийгөө танилцуулах нь зүйтэй болов уу?
-Сонгуулийн сурталчилгааны ажил амжилттай үргэлжилж байна. Би 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Хүүхэд байхаасаа л нийслэл хотдоо амьдарсан. Улаанбаатар хотын унаган хүүхэд. Би 1984-1994 онуудад Нийслэлийн 18-р сургууль, 23-р дунд сургууль, Москва хотын 779-р дунд сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Харин 1999 онд ШУТИС-ийн Компьютерийн техник, Менежментийн сургуулийг Маркетингийн менежмент мэргэжлээр төгссөн. Мөн 2001 онд ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургуулийг Олон улсын бизнесийн удирдлага мэргэжлээр Бизнесийн удирдлагын магистр хамаалсан.
Мадридын “IE Business school”-ыг Олон улсын бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. Олон улсын бизнесийн удирдлагын мастер цолтой. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Багш хүний хүүхэд. Миний аав Санхүү эдийн засгийн техникум буюу одоогийн СЭЗДС-д тооны багшаар олон жил ажилласан хүн бий. Одоо ч хувийн дээд сургуульд багшийн ажлаа хийж байгаа.
-Та бизнесийн салбарт олон жил ажилласан, байгууллага удирдсан хүн. Ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?
-Би ажлын гараагаа оюутны тавдугаар курст байхаасаа эхэлсэн. Анх 1998 онд Проктер энд Гэмбл компанийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газарт менежерээр ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш 2010 он хүртэл М-Си-Эс Кока-Кола, Анунгоо, Анун, М-Си-Эс Дистрибюшин компаниудад мэргэжлээрээ худалдаа, борлуулалтын чиглэлээр борлуулалт хариуцсан захирал, гүйцэтгэх захирлын ажлыг хийж байв. Харин 2010-2013 онуудад томоохон холдинг компаниудын гүйцэтгэх захирлаар ажилласан.
Мөн 2013 оноос үйлдвэрлэлийн чиглэлээр сонирхож, “Ремикон” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Түүнээс хойш “Монцемент билдинг материалс”, “УБ БҮК” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байна.
ХОТЫН ТӨСВИЙГ БУРУУ ЗАРЦУУЛААД БАЙГАА НЬ НАДАД ХАРАМСАЛТАЙ САНАГДААД БАЙНА
-Бизнесийн салбараас улс төрд орох, нэр дэвших болсон нь юутай холбоотой вэ?
-Улс төрд орсон гэхээсээ илүүтэй би хотын иргэний хувиар НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж, хотод тулгамдсан олон асуудлыг шийдэх зорилго байна. Би Улаанбаатар хотод төрж өссөн, энэ л хотдоо тасралтгүй ажиллаж амьдарч байгаа болохоор хот ямар байснаас хэрхэн өөрчлөгдөхийг харлаа. Энэ бүх өөрчлөлт хэдийгээр хөгжил дэвшилтэй холбоотой ч оршин суух эрүүл аюулгүй орчин, зөв төлөвлөлттэй орчин үеийн хот, түүний зайлшгүй хэсэг болсон түргэн зорчих боломжтой зам гудамж бидэнд маш их дутаж байна.
Энэ бүх асуудлыг шийдэж чадахгүй, шийдвэрлэх гэж зарцуулж гаргаж байгаа бүх хөрөнгө мөнгө нь үргүй зардал болсоор байгаа нь хотод чадварлаг нэгдсэн удирдлага, мэргэжилтнүүдийн баг дутагдсаных юм. Ийм учраас хотын унаган хүүхдүүд, хотын хөгжлийн чиглэлийн мэргэжилтнүүдийн багт нэгдэн, зөв урбанист чиг хандлагыг төрөлх хотдоо хэрэгжүүлэхээр энэ удаагийн сонгуульд оролцож байгаа юм. Би улсын хэмжээний том компаниудыг зөв бүтэцтэйгээр, эдийн засгийн үр ашигтай байхаар төлөвлөж зохион байгуулах ажлыг удирдаж ирсэн туршлагатай учраас хот хэмээх том аж ахуйн ажлыг зохистой удирдан зохион байгуулахыг зорьж байна. Бид, хотын иргэд өөрсдийн тайван аюулгүй амьдрал, түгжрэлгүй зорчих гудамж зам, шороо тоос, утаагүй агаарынхаа төлөө энэ эерег өөрчлөлтийг авчирч чадах нарийн судалгаа, төлөвлөгөөтэй мэргэжилтнүүдийн багтай нь хамт хотын даргаа өөрсдөө сонгох түүхэн боломжийн өмнө ирээд байна. Хотын төсвийг үр ашигтай зарцуулж чадвал том асуудлуудаа шийдэх бүрэн боломжтой.
БИ ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН АЖИЛ УДИРДАЖ БАЙСАН ХҮНИЙ ХУВЬД ТУРШЛАГА БАЙНА
-НИТХ-д нэр дэвшиж, хэрэгжүүлэхээр зорьж буй томоохон ажлууд нь юу вэ?
-Би бизнесийн байгууллагад 26 жил ажилласан байна. Энэ хугацаанд удирдах албан тушаал хашсан. Шинээр үүсгэн байгуулсан байгууллагын зохион байгуулалтыг нь зөв болгох, үйл ажиллагааг нь хооронд нь уялдуулах, алба нэгжүүдийг зөв зохион байгуулалтад оруулах, хамгийн гол нь үр ашигтай ажлуулж, хөрөнгө оруулалтаа нөхөх боломжийг бий болгох ёстой. Би энэ чиглэлд ажиллаж ирсэн. Миний хувьд Кока-Кола компанийн анхны борлуулалт хариуцсан захирал нь. Кока-Колагийн борлуулалт тодорхой түвшиндээ хүрэхэд манай баг сайн ажилласан гэж боддог.
Түүний дараагаар намайг Анунгоо компанийн гүйцэтгэх захирлаар томилж ажиллуулсан. Анунгоо компани тухайн үед яг өсөх хугарлын цэг дээрээ ирсэн байсан. Өсөх шаардлагатай болсон байсан. Шинэ бүтээгдэхүүн оруулж ирэх, борлуулалтыг нь өсгөх шаардлагатай байсан. Энэ зорилтдоо хүрч чадсан.
Би яагаад энэ бүхнийг яриад байна гэхээр хот гэдэг бол аж ахуйн ажил. Улс төрчдийн тэмцэлдээд байх талбар биш. Ажил хийж үзсэн хүмүүс хотын удирдаж, асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Хот нь хүндээ ээлтэй байж, хүмүүсийг бизнесээ хийхэд нь таатай орчин бүрдүүлэх ёстой. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөр, бизнес эрхлэлтээс хот татвар авч, хөгжиж явж байгаа шүү дээ. Түүнээс биш эрх мэдэлтэй болонгуутаа газар зараад, янз бүрийн бизнест өөрийн шахаагаа хийгээд байх нь хотод хэрэгтэй эд биш.
Би бизнесийн байгууллагад ажиллаж байгаа хүний хувьд хотын энэ мөнгө яагаад буруу зарцуулагдаад байна вэ гэдэг нь нүдэнд ил харагдаад байгаа байхгүй юу. Буруу зарцуулаад байгаа нь надад харамсалтай санагдаад байна. Тиймээс сүүлдээ энэ бүхнээс залхаж, өөрөө нэр дэвшихээр шийдвэр гаргасан. Би бол улстөрч хүн биш. Яагаад сонгуульд орж байна гэхээр энэ асуудлыг зөв чигт нь оруулмаар байна. Би үйлдвэр, бизнесийн аж ахуйн ажил удирдаж байсан хүний хувьд туршлага байна. Хотын асуудлыг шийдэж болохгүй биш, шийдэх бүрэн боломжууд байна. Гэтэл яагаад шийдэхгүй байгаад гайхаж байна.
ЯАРМАГААС ХОТЫН ТӨВ РҮҮ ТРАМВАЙ ТАВИХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
-Хотын том асуудал бол автозамын түгжрэл. Олон жил ярилаа. Шийдэж чаддаггүй. Танд ямар бодлого, мөрийн хөтөлбөр байна вэ?
-Бидэнд түгжрэлийг бууруулах цогц төлөвлөгөө байна. Олон төрөлт тээврийн хэрэгслийн ухаалаг зохицуулалтыг нэвтрүүлье гэж байгаа юм. Автомашинаар, явганаар, дугуйгаар зорчдог зам нь байх хэрэгтэй. Нийтийн тээврийн шинэ төрлүүдийг нэвтрүүлье гэж байгаа юм. Трамвай нэвтрүүлье. ХҮН нам Яармагаас хотын төв хүртэл трамвай тавья гэж байгаа юм. Яармагаас хотын төв ороход 15-20 минут яваад ирдэг байх боломжтой. Ил явдаг ийм трамвай нь зам дээр түгжирдэг асуудлыг маш богино хугацаанд, харьцангуй бага хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжтой. Замын бордюр сольж байхаар энэ ажлыг хийх хэрэгтэй. Нэг их өртөгтэй, том төслүүд ярьж олон жил алдмааргүй байна. Тийм учраас тооцоотой, энгийн, хэрэгжихүйц нийтийн тээврийн төслийг манай баг санал болгож байгаа. Манай инженерүүдийн баг тооцож үзсэн. Яармагаас трамвай хотын төв рүү Чингисийн өргөн чөлөөгөөр ирээд эргээд тойроод явах боломжтой. Мэдээж одоо байгаа замаа өргөсгөх томруулах шаардлага гарна. Гэхдээ хэрэгжүүлэх бүрэн боломж байна.
Энд нэг хүнийг онцолж ярих нь зүйтэй байх. Нийслэлийн ХҮН намын хорооны дарга урбанист Э.Золзаяа гэж бүсгүй бий. Энэ хүн бол сүүлийн 10 гаруй жил хот төлөвлөлтийн ажлаар мэргэшээд явж байгаа хүн. Энэ хүний удирдлага дор инженерүүд нь зай талбайг нь шалгаад, эдийн засагчид нь санхүү хөрөнгө оруулалтыг тооцож үзсэн. Хэрэгжүүлэхэд хол сонсогдоод байгаа метро төслөөс трамвай илүү амархан, бага зардлаар босно. Тийм хэцүү биш, хэрэгжүүлэх боломжтой. ХҮН нам мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Дээр хэлсэнчлэн автомашины зам нь тусдаа, дугуй скүүтерийн зам нь тусдаа байх ёстой. Тэгвэл түгжрэл тодорхой хэмжээгээр буурна. Мөн томоохон автомашины замаар иргэд хөндлөн явдаггүй баймаар байна. Явган хүний төмрөн гүүрэн гарцыг автозамынхаа дээгүүр хийгээд өгчих хэрэгтэй. Зардал тийм их биш. Тэгвэл жолооч нар явган зорчигчид зам тавьж өгөх гэж хурдаа сааруулах шаардлагагүй болно. Зам нарийнхан байгаа учраас түгжрээд байгаа юм биш. Автозам, уулзварын нэвтрэх чадварыг сайжруулбал түгжрэл буурна.
-Та бизнес эрхлэгч хүний хувьд хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагын бизнесийн үйл ажиллагааг хэрхэн дэмжих ёстой гэж харж байгаа вэ?
-Бизнес эрхлэгчдийн эдийн засгийн таатай орчинг бий болгох ёстой. Цөөн тооны хүн амтай газар бизнес эрхлэхэд хэцүү байдаг. Гэтэл хот бол боломж нь бүрэн байгаад байна. Тэгэхээр нийслэл, дүүрэг дээр бизнес инкубатор төвийг бий болгох хэрэгтэй. Жижиг дунд бизнесийн зээл юунд зарцуулагддаг гэхээр сургалт, зээл хэлбэрээр зарцуулагдаж байна. Бид үүнийг яг бизнесийн инкубатор хэлбэрээр нь үйл ажиллагаа явуулах ёстой. Шинэ бизнес эхлүүлэх гэж байгаа бол хотод маань ийм үр ашигтай юм байна. Эцсийн үр дүн нь ийм нөлөөтэй юм байна гэдгээ харж байгаа бол түүнийг нь сонгож аваад тэр чиглэлээр нь хөгжүүлж болж байна. Би хүнс, барилга, уул уурхай, тавилга гээд олон салбарт ажилласан байна. Монголд бизнес эрхлэх орон зай бий. Хамгийн гол нь бизнесийн дүрэм, журмыг тодорхой болгож өгөх ёстой.
ЗАЙСАН, ЯАРМАГ ОРЧМЫН ОРОН СУУЦУУДЫГ ТӨВИЙН ЦЭВЭР УСНЫ ДЭД БҮТЦЭД ХОЛБОХ ШААРДЛАГАТАЙ
-Хан-Уул дүүрэгт, тэр дундаа Зайсан, Яармаг орчимд цэвэр усны асуудал хүрцаар тавигдаж байна. Төвийн цэвэр усанд холбогдоогүй учраас баталгаагүй ус хэрэглэх эрсдэл бий. Тэгэхээр энэ асуудалд танай нам хэрхэн анхаарал хандуулах юм?
-Хан-Уул дүүргийн хувьд орчны бохирдолтой. Зундаа тоос шороо, өвөлдөө агаарын бохирдолтой. Бид үүнийг шийдэх шийдэл нь зохицуулалтын асуудал юм. Цэвэр ус хангалтгүй байна. Орон сууцууд өөрсдөө худаг гаргаад баталгаагүй ус хэрэглэдэг. Тиймээс цэвэр усны шинэ эх үүсвэрүүдийг бий болгох ёстой. Үүнийг нэгдсэн төлөвлөлтөөр хийх хэрэгтэй. Төвийн дэд бүтэц, цэвэр усанд холбогдоогүй орон сууцуудыг холбох ёстой. Туул голын ай сав, Богд уулын доор байрлаж буй усны ай сав бол хангалтай нөөцтэй. Тэндээс татах усны худгийн тоог нэмэгдүүлэх, усан санг томруулах шаардлагатай. Энэ ажлыг өнгөрсөн жилүүдэд хийчих боломж байсан ч эрх баригчид хийсэнгүй.
Хотыг удирдаж буй хүмүүс тооцоо судалгаагүй, дэндүү үрэлгэн явж ирсэн. Түгжрэл гэж айлгаад түгжрэлийг шийдэхэд тэдэн төгрөг. Утаа гэж айлгаад утааг шийдвэрлэхэд ийм төсөв хэрэгтэй гэж явж ирлээ шүү дээ. Яг үнэндээ судлаад үзвэл, бага мөнгөөр шийдэх боломжтой асуудал ч байна. Судалгаа, инженерийн тооцоо хэрэгтэй. Хоёрдугаарт хийе гэсэн сэтгэл зүрх байвал боломжтой. Нөгөөтэйгүүр хийх чадвар хэрэгтэй. Бидэнд мянга гоё төлөвлөгөө байгаад чадвар байхгүй бол хийж чадахгүй. Аливаа том ажлын ард гарахад нөөц бололцоотой байх ёстой. Хүний нөөц, биет нөөц, санхүүгийн нөөц байж байж ажлаа сайн хийж гүйцэтгэнэ. Хот бол аж ахуй мэддэг, оролцдог хүмүүсийн ажил байхгүй юу. Түүнээс улстөрчдийн хийх ажил биш юм.
0 cэтгэгдэлтэй