СДМЭХ-ны Нийслэлийн салбар холбооны дарга Б.Ану-Үжинтэй ярилцлаа.
-Таны хувьд СДМЭХ-ны Нийслэлийн салбар холбооны даргаар ажиллаад удаагүй ч олон ажил санаачилжээ. Энэ хугацаанд хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлынхаа талаар манай уншигчидтай хуваалцана уу?
-СДМЭХ-ны Нийслэлийн салбар холбооны даргын ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард хүлээж аваад хагас жил орчмын хугацаанд ажиллаж байна. Ажлаа хүлээн авснаас хойш хоёр дахь том сонгуулийн нүүрийг үзэх гэж байна. Эхнийх нь өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгууль байсан бол одоо Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил ид өрнөж байна.
СДМЭХ-ны Нийслэлийн салбар холбоо маань энэ хугацаанд том жижиг 40 орчим ажлыг хийж, хэрэгжүүлсэн байна. Олон нийтэд чиглэсэн ажлаас гадна олон жилийн турш тогтмол зохион байгуулагдаж ирсэн уламжлалт ажлуудыг ч өрнүүллээ.
Бүтэц, зохион байгуулалтаас гадна хамт олноо төдийгүй эмэгтэйчүүдийнхээ ойлголтыг нэгтгэх зэрэг дотооддоо чиглэсэн ажлууд ч байлаа. Эдгээрээс онцолбол, 500 гаруй эмэгтэйчүүд оролцсон нийслэлийн эмэгтэйчүүдийн удирдах ажилтны зөвлөгөөнийг “Эмэгтэйчүүд олуулаа” уриан дор амжилттай зохион байгуулсан. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайлал оролцоог бодитоор нэмэгдүүлэх, бүсчилсэн хөгжлийн зорилгод эмэгтэйчүүдийн санал санаачилгыг тусгах, оролцоог дэмжих зэрэг олон асуудлын хүрээнд ярилцаж, санал солилцсон.
Мөн УИХ-ын сонгуульд нийслэлээс нэр дэвшсэн эмэгтэйчүүдээ дэмжих зорилготой “Эмэгтэйчүүдээ дэмжье” нөлөөллийн аяныг зохион байгуулсан. “Таныг төлөөлөх хүн ямар байвал танд таалагдах вэ, эмэгтэй улстөрчдөөс та юу хүсэн хүлээдэг вэ” гэх зэргээр ярилцлагын хэлбэрээр контент бэлтгэсэн л дээ. Ингэснээр бид олон зүйлийг мэдэж авсан. Хүмүүсийн зарим нь “Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд олуулаа байх шаардлагагүй гэж боддог байсан. Гэтэл эмэгтэйчүүд нөхцөл байдлыг илүү эерэг болгохоос гадна нийгмийн чанартай, асуудалд илүү мэдрэмжтэй байж, анхаарал хандуулдаг юм байна” гэдэг хариултыг өгч байлаа. Тэгэхээр нийгэм олон нийт эмэгтэйчүүдийг улстөрд дэмжих хандлагатай байгаа нь анзаарагдсан.
Бид Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Тусгаар тогтнолын ордонд хүүхэд хуурайлах өрөө нээсэн. Энэ ажлыг эхлүүлэхээс өмнө бид судалсан л даа. Хотын төв, талбай орчмын бүсийн томоохон оффисуудад хүүхэд хуурайлах өрөө тэр бүр байдаггүйг олж мэдсэн. Гэтэл төв талбайд олон нийтийн арга хэмжээ их болдог. Хүүхэдтэйгээ яваа ээжүүд хүүхдээ хаана хуурайлах вэ гэдгээс асуудал эхлээд байгаа юм. Тиймээс Тусгаар тогтнолын ордон эх, хүүхдэд ээлтэй байх энэ ажлыг санаачлан хийсэн. Салбар холбооны удирдлагын багаараа дөрөвдүгээр сараас эхлэн дүүргүүдийн эмэгтэйчүүдтэй цуврал уулзалтууд зохион байгууллаа.
Намын аливаа байгууллагын үйл ажиллагаа анхан шаттайгаа шууд холбоотой байдаг.
Анхан шатанд үйл ажиллагаа жигдрээгүй бол бид амжилт, дэвшлийн талаар ярих боломжгүй. Манай холбоо есөн дүүрэгт эмэгтэйчүүдийн салбар холбоотой. Төлөөлөл болсон эмэгтэйчүүдтэйгээ уулзлаа. Ингэхдээ тухайн дүүргийн эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал нь юу юм гэдгийг сонсож, танилцлаа. Мөн нийслэлийн тэргүүлэгчдэд зориулсан өглөөний уулзалтыг “Эртэч эмэгтэйчүүд” сэдвийн дор зохион байгуулж байна. Үүгээр бид нийгэмд түүчээлж буй салбар бүрийн төлөөлөл болсон эмэгтэйчүүдээ уриад туршлага солилцож, тэдний санал зөвлөгөөг сонсож, ярилцаж байна.
Энэ уулзалтад маань одоогоор УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Стратеги академийн захирал Д.Бумдарь зэрэг зочид оролцсон байна. Энэ ажил цаашид үргэлжилнэ. Гадаад харилцааны тухайд НҮБ-ын Хүүхдийн Сангийн шадар, суурин төлөөлөгчтэй уулзаж, хүүхдийн төлөө хамтран хийж, хэрэгжүүлэх боломжтой ажлуудын талаар ярилцсан. Мөн гадаад орнуудын эмэгтэйчүүдийн байгууллагатай харилцан туршлага солилцох аялал, уулзалт хийх боломжийг судлаж байна. Ийнхүү бид үйл ажиллагаагаа өргөжүүлж, үр дүнтэй олон талт ажлууд хийхээр хичээнгүйлэн ажиллаж байна.
-Эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг сонсож, ойр ажиллаж байгаа хүний хувьд асуухад өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдэд нийтлэг тулгамдсан ямар асуудал байна вэ. Шийдвэрлэх гарц, шийдлийг та бүхэн хэрхэн харж байна вэ?
-Нийслэл хотод хөдөлмөр эрхэлж байгаа нийт иргэдийн 50 орчим хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ нь хотын хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо эрчүүдтэй эн тэнцүү байгааг илтгэж байгаа юм. Нийгэм, эрүүл мэнд, боловсрол, бизнес гээд эмэгтэй хүний зүтгэл, оролцоогүй хөгжиж байгаа салбар хаана ч байхгүй. Гэтэл шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байна.
Судалгаанаас харахад эмэгтэйчүүд боловсролд хамрагдалт өндөр боловч энэ нь хөдөлмөрийн оролцооны түвшинтэй төдийлөн уялдахгүй байна. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд эзэмшсэн боловсролынхоо үр шимийг хангалттай хүртэж чаддаггүй бөгөөд энэ нь шийдвэр гаргах түвшинд ажиллах боломжийг бууруулж байх талтай. Улс төрийн албан тушаал эрхэлж буй эмэгтэйчүүдийн тоо, сонгуульд нэр дэвшиж буй эмэгтэй горилогчдын тоо төдийлөн нэмэгдэхгүй байгаа нь анхаарах асуудал юм. Тиймээс эмэгтэйчүүдэд чиглэсэн дэмжих бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Эмэгтэйчүүдийн байгууллагын хувьд гэр бүл, хүүхэд хамгаалал хөгжил, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудлуудад дуу хоолой болж ажиллах ёстой гэж үздэг. Ээжүүд, эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудал гэхээр зөвхөн ээжүүдтэй холбож ойлгож болохгүй. Үүний цаана нийгмийн томоохон, олон асуудал давхар хөндөгддөг учраас энэ тухайд нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна.
-СДМЭХ-ны Нийслэлийн салбар холбооны зүгээс ойрын хугацаанд хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ямар төсөл, хөтөлбөр байна вэ?
-Бид одоо хоёр үндсэн төсөлд гол анхаарлаа хандуулж байна. Эхнийх нь “Эрүүл эмэгтэй эх орны үндэс” төсөл. Нийслэлийн хэмжээнд МАН-ын гишүүн олон мянган эмэгтэйчүүд бий. Тиймээс бид гишүүн эмэгтэйчүүддээ чиглэсэн энэхүү аяныг хэрэгжүүлж эхлээд байна. Үүгээр дамжуулан бид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тал дээр хамгийн тулгамддаг асуудал болох эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх асуудалд анхаарч ажиллах юм. Дараагийнх нь “City woman” буюу “Хотын эмэгтэй” төсөл. Энэ төслийн хүрээнд төрөл бүрийн салбарын эмэгтэйчүүд маань уулзаж, санал солилцохын зэрэгцээ тухайн салбарт тулгамдаж буй асуудлыг хуваалцах, нийгэмд хүргэх нөлөөллийн ажил хийх, мөн энэ чиглэлээр подкаст бэлтгэж байгаа юм. Улс төр, нийгэм, эрүүл мэнд, боловсрол, спорт, бизнесийн гээд салбар бүрийн эмэгтэйчүүдтэй ярилцана. Энэ бол нөлөөллийн төсөл.
Энэ подкастаа бид өнгөрсөн наймдугаар сараас эхлүүлсэн. Эхний дугаартаа Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаярыг урьж оролцуулсан. Түүний хувьд Улаанбаатар хотын нийгмийн бодлогын болон эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, хотын соёлын талаар болон эмэгтэйчүүд хэрхэн манлайлах, оролцох ёстой юм бэ гэдэг маш сонирхолтой яриа өрнүүлсэн.
“Ямар эмэгтэйг хүчирхэг эмэгтэй гэх вэ” гэдэг асуултын хариулт нь “Өөртөө цаг гаргаж чаддаг эмэгтэй” гэж хариулмаар байдаг. Эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо гэдэг нь өөрөө өөрийгөө хайрладаг, өөртөө цаг гаргадаг байх тухай ойлголт. Ийм эмэгтэйг бүтээх хүсэл, зорилготойгоор энэ покдаст, нөлөөллийн аяныг хэрэгжүүлж байна.
-Б.Ану-Үжинтэй илүү дэлгэрэнгүй танилцъя. Та өөрийнхөө талаар манай уншигчдад товч танилцуулаач?
-Би дунд сургуулиа “Оюуны Ундраа” цогцолборыг төгссөн.
“Отгонтэнгэр” их сургуулийг олон улсын худалдаа, бизнесийн удирдлага, “Шихихутаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгсөөд, АНУ-ын Линколн их сургуульд Олон улсын бизнесийн удирдлагаар магистраа хамгаалсан. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Одоо Үл хөдлөх хөрөнгийн менежментийн компанид гүйцэтгэх захирлаар ажилладаг.
Хот, нийтийн аж ахуй, барилга байгууламжийн менежментийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компани юм. Цэвэрлэгээ үйлчилгээ, арчилгаа, засвар гээд маш том сигментийг хамардаг салбар учраас хурдтай, сэтгэлтэй, мэдрэмжтэй, энэ салбарын асуудлыг мэддэг илүү ойлгодог хүмүүс ажилладаг гэж боддог.
-Таны хувьд нийгэм, олон нийтэд чиглэсэн ажлуудад идэвхтэй оролцдог юм байна. Жишээлбэл, “Охидын зөвлөлийн санаачлагч, зөвлөх, эх дэлхийгээ хайрлах Clean up дэлхий нийтийн хөдөлгөөнийг Монголдоо анх санаачилсан гээд олон зүйлийг дурдаж болох нь ээ?
-Миний хувьд хүүхэд байхын л нийгмийн идэвхтэй байсан л даа. Би өөрөө айлын ганц хүүхэд учраас багаасаа л олон хүнтэй харилцаж, нийтэч, нийгмийн идэвхтэй байсан.
Үргэлж л олны дунд, зохион байгуулах ажилд оролцдог хүүхэд байсан. Сурагчдын зөвлөлийн дарга, Оюутны холбооны дарга, “Охидын зөвлөл” гээд ТББ-ыг санаачлан байгуулсан. Энэ бол сайн дурын ажил гэж ойлгож болно. Бүх цаг үед охидод тулгамддаг асуудал байсаар байгаа учраас нэгээрээ биш нийтээрээ охидод тулгамддаг асуудлыг ойлгож мэдэрдэг, дуу хоолой нь болдог, гарц шийдлийг хамтдаа эрэлхийлдэг байх үүднээс санаачилж, одоо ахлах зөвлөхөөр ажилладаг.
Нийслэлийн 143 сургуульд салбартай, 2000 гаруй гишүүнтэй, 10 мянга гаруй гишүүн дэмжигчтэй.
“Clean up” хөдөлгөөнийг анх 2022 оны тавдугаар сард санаачлан зохион байгуулж, нийт 2000 орчим залуус цуглаж, Сэлбэ голын эргэн тойрныг цэвэрлэж байлаа. Үүнээс хойш жил бүр уламжлал болгон амжилттай хэрэгжиж байгаад баяртай байдаг. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нөлөөллийн ажил юм.
-Та “Шарк танк” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож, үнэртэй усны бизнестээ хөрөнгө оруулалт авч чадсан. Их өвөрмөц сонирхолтой хоббитой юм.
-Монголд анх удаа үнэртэй ус зохион бүтээсэн эмэгтэй гэдгээр хүмүүс ерөнхийдөө намайг таньдаг л даа. Миний хувьд хоббигоо хөгжүүлээд “Шарк танк” нэвтрүүлэгт оролцож, хөрөнгө оруулалт авсан. Үнэртэй усны салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс энэ Старт ап бизнесийг эхлүүлсэн. Манайх эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр нийт дөрвөн төрлийн үнэртэй усны брендтэй. Старт ап бизнес учраас бүх зүйлийг өөрөө хийдэг. Өөрөө үнэртэй усаа найруулна, савлана. Чанар, стандартын шаардлага хангасан байх ёстой учраас хобби байдлаар цөөн тоогоор үйлдвэрлэдэг. Мэдээж цаашдаа улам өргөжүүлнэ. АНУ-д сурч байхдаа энэ чиглэлээр сургалтад сууж төгссөн, албан ёсны сертификат авч байлаа.
-Олон ажлыг зэрэг амжуулаад хажуугаар нь гэр бүлдээ цаг зав зарцуулах шаардлагатай болно. Энэ бүгдийн тэнцвэрийг ер нь хэрхэн хадгалж авч явдаг вэ?
-Манайх бага насны хоёр хүүхэдтэй айл. Таны хэлсэнчлэн олон ажлыг зэрэг амжуулах хэрэгтэй болдог. Миний ард гэр бүл минь байдаг. Хамгийн том түшиг тулгуур бол нөхөр минь. Бид хоёр арван жилийн нэг сургуулийн хүүхдүүд. Оюутан болсон жилдээ үерхэж эхэлснээс хойш 12 жил болж байна.
Их сургуулиа дүүргээд АНУ-руу хамтдаа явж магистраа хамгаалж байлаа. Намайг маш их ойлгож дэмждэг. Ерөөсөө миний бат ар тал байж чаддаг. Айлын ганц охин надад төдийгөөс өдийг хүртэл үнэнч хань түшиг, найз, зөвлөгч, туслагч, дэмжигч, ачигч, жолооч гээд бүх зүйл маань болж ирсэн хүн байгаа юм. Ер нь хүн би биш бид гэж үргэлж санаж явах ёстой.
Өнөөдрийн Ану-Үжинг бүтээхэд миний гэр бүл, эргэн тойрны хүрээллийнхэн, хамтрагчид гээд ажиллаж байгаа салбартаа амжилттай явахад тусалж дэмждэг маш олон хүн бий. Тэдгээр хүмүүстээ энэ ташрамд гүн талархал илэрхийлье. Өөрийгөө бүтээх гэж яваа хичээл зүтгэлд минь тусалдаг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.
Миний хувьд хамгийн чухал зүйл нь цагийн менежмент гэж үздэг. Бүгдийг зэрэг амжуулах боломжийг өөртөө үүсгэж, төлөвлөх зэргээр өөрийн чадамжийг нэмэгдүүлэх хүчин зүйлсийг амьдралдаа хэвшүүлсэн. Түгжрэлтэй байна гэж зүхэж суухаар намхан гутлаа өмсөөд алхчихъя л даа. Харанхуйг харангуй гэж зүхэж суухаар өөрийнхөө гэрлийг асаагаад амьдрахыг хичээдэг. Цаашид ч эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой болж их зүйлийг хийж хэрэгжүүлэхийн төлөө өнөөдрийнхөө эрч хүчийг алдалгүй хичээнэ гэж боддог.
М.Өнөржаргал
0 cэтгэгдэлтэй