Чуулган: Шинэ Зуунмод хотын татварын орлогын 80 хувийг тус хотод, 20 хувийг Төв аймагт хуваарилж зарцуулна

newslifemn 2024-05-3

Улсын Их Хурлын чуулганы  хуралдаанаар Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Нийслэл Улаанбаатар хотын хөгжил, хүн амын өсөлт нь хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, орчны бохирдол нэмэгдэх зэргээр эдийн засаг, нийгмийн харилцаанд хүндрэл учирч байгаатай холбоотойгоор бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлыг тогтоох, хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Шинэ Зуунмод хотыг олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байгуулах бөгөөд 32 мянган га эдэлбэр газартай байх аж. Засаг захиргааны хувьд Улаанбаатар хотын дагуул хот статустай байх бөгөөд Төв аймагтай бүхий л талаар хөгжлийн интеграцад орж, хотын эдийн засгийн үр ашгийг хамт хүртэх нөхцөл, боломжийг бүрдүүлсэн засаглал, эдийн засгийн тогтолцоог бий болгохоор тооцсон гэлээ. Шинэ Зуунмод хот нь амралт, аялал жуулчлал, олон нийтийн худалдаа, үйлчилгээний, засаг захиргааны, оюутны хотхон, судалгаа шинжилгээний, тээвэр ложистик, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго, аж ахуйн нөөц зэрэг 9 бүстэй байх бөгөөд цаашид бүсчлэлийн хуваарийг зөвхөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлох нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Тухайлбал, амралт, аялал жуулчлалын бүсэд ОУ-ын хурал, зөвлөгөөн, арга хэмжээний цогцолбор, морин тойруулга, бооцоот тоглоом, музейн цогцолборыг байгуулах ба хотын төв, засаг захиргааны бүсэд төрийн зарим байгууллагыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Шинэ Зуунмод хотыг иргэдэд зориулсан ногоон хөгжлийг дэмжсэн ирээдүйн хотын олон улсын концепцын дагуу нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоотойгоор байгуулахаар тусгажээ. Тодруулбал, тус хотын иргэдийн оршин суугаа газраас 20 минутын зайд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээврийн үйлчилгээний буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний газар нь байрлах шаардлагад нийцүүлэх аж. Хотын хөгжлийн болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах эрх олгох асуудлыг зөвхөн төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх ба төсөл болон сонгон шалгаруулалтад оролцох этгээдэд тавигдах шаардлага, төсөл шалгаруулах журмыг Засгийн газрын батлах юм байна. Шинэ Зуунмод хотын удирдлага нь хотын оршин суугчдаас сонгогдсон хотын зөвлөл, захирагч болон Ерөнхий архитектур, Хотын хөгжлийн корпорацаас бүрдэх ба зохион байгуулалтын хувьд хороонд хуваарилагдах юм байна. Шинэ Зуунмод хотын Хөгжлийн корпорацыг Төв аймаг болон нийслэл хамтран байгуулж, хотын газар хөгжүүлэлт, бизнес хөгжүүлэлтийг хариуцаж, хөрөнгө оруулагчидтай төсөл, арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ гэж төлөвлөжээ.

Шинэ Зуунмод хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах нь төр, нийслэл хот, Төв аймгийн үүрэг байх бөгөөд төрөөс бүтээн байгуулалтын явцад татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, улсын төсөвт дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг тусгаж батлах, төрийн байгууллагыг нүүлгэн шилжүүлэх гэх мэт дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан аж. Нийслэл, Төв аймгийн хувьд орон нутгийн төлбөр, хураамжаас хөнгөлөх, өөрийн өмчийг хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулах, төрийн үйлчилгээг шуурхай, нэг цонхоор хүргэх, хяналт шалгалтыг давхардуулахгүй байх, дагуул хотын бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээх аж. Хот нь төсөвтэй байх ба тухайн хотын татварын орлогын 80 хувийг Шинэ Зуунмод хотод, 20 хувийг Төв аймагт хуваарилж зарцуулахаар төсөлд тусгасан болохыг Ц.Даваасүрэн сайд танилцуулсан.

Хуулийг төсөл батлагдсанаар дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалт, татварын таатай орчин бүрдэж, шинээр ажлын байр бий болж, ДНБ болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэх, тээвэр ложистикийн нэгдсэн төвийг байгуулж хөгжүүлснээр орон нутгийн болон бүс нутгийн, цаашлаад олон улсын ложистикыг сайжрах ач холбогдолтой гэж үзэж буй юм байна. Орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, орон сууцын хангамж нэмэгдэж, нийслэлээс иргэд шилжин суурьших, төрийн байгууллага, их дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн тооцсон байна. Бүс нутгийн тэнцвэртэй байдлын хөгжлийг хангах бодлогын хүрээнд Шинэ Зуунмод дагуул хоттой Төв аймаг нь эдийн засгийн интеграцад нэгдэж тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ хэмээн танилцуулсан юм.

Төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа дээр төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Ганболд, Ж.Батжаргал нар асуулт асууж, хариулт, тайлбар авав. Гишүүд хэлэхдээ, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэл болон нийслэлийн дагуул хотын асуудлыг зохицуулдаг байх саналыг хэлж байв. Түүнчлэн хот байгуулах, өөрчлөх, хот, аймаг, сум хоорондын хилийн цэсийн асуудлыг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулдаг гэдгийг дурдав. Мөн Хот байгуулалтын тухай хуулийг батлах, энэ хүрээнд хот байгуулалттай холбоотой ерөнхий зохицуулах харилцааг тодорхойлох нь зүйтэй хэмээгээд хот байгуулах бүрд тухайлсан хууль батлах жишиг тогтох эсэхийг лавлаж байв.  Төв аймаг болон Шинэ Зуунмод хот хоёрын хөгжлийн төлөвлөлт хоорондоо нийцэж буй эсэхийг тодруулж, хариулт авсан. Төсөл дэх газар нутгийн харьяаллын иргэд, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын саналыг сонсох нь зүйтэй гэдэг саналыг хэлж байв. Эхний үр дүн, бүтээн байгуулалтын хугацааны талаар тодруулсан гишүүний асуултад ажлын хэсгээс хариулт өгөхдөө “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд энэ бүс нутагт 2.1 саяаас хэтрүүлэхгүй байхаар, үүний 440 мянгыг дагуул хотуудад суурьшуулахаар төлөвлөсөн байдаг. Ундны усны нөөцөд тулгуурлсан тооцооллоор Богдхан уулын өвөрт 150 мянган иргэнийг суурьшуулахаар төлөвлөсөн. УИХ-ын 2020 оны 55 дугаар тогтоолын дагуу Бүтээн байгуулалтын захиргаа байгуулсан, Барилга, хот байгуулалтын яам Шинэ Зуунмод хотын ерөнхий хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, 2022 онд Засгийн газраар батлуулсан. Энэ дагуу тухайн оноос эхлүүлэн хоёр сайдын багцын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна. Гол шугам сүлжээний зураг төслийг хийсэн. Нийтдээ 497 тэрбум төгрөгийн хяналтын төсөвтэй, ус, дулаан, цахилгаан холбоо, үерийн суваг байгуулахаар төлөвлөөд өнөөдрийн байдлаар 162 тэрбум төгрөгийн ус, цахилгаан хангамж болон үерийн суваг байгуулах ажлууд 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа” гэв. Ирэх оны улсын төсвийн хүрээнд дулааны дэд бүтцийн асуудлыг тусган, шийдвэрлэх ёстой бөгөөд санхүүжилтийг үе шаттайгаар тухай бүр төсөвт тусгасан тохиолдолд 2027 онд дэд бүтцийн бүтээн байгуулалтууд дуусах боломжтой гэлээ. Тус бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэр хангалттай, найдвартай гэдгийг ажлын хэсэг онцлов. Сэргэлэн дэд станц болон дэд станцуудын бүтээн байгуулалт, холбогдох шугам сүлжээний ажлыг хангалттай шийдвэрлэсэн болохыг ажлын хэсэг тайлбарлалаа. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Төв аймаг болон Шинэ Зуунмод хот хоёрын хөгжлийн төлөвлөлтийг нийцүүлэх ажлыг хийнэ гэдэг хариултыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өгөөд, дэлгэрэнгүй тайлбар хийсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 37 гишүүний 54.1 хувь нь дэмжсэн тул Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.