Нийт 213.9 мянган төрийн албан хаагчийн цалин 10-50 хувиар нэмэгдэнэ

newslifemn 2023-06-9

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бодитоор хэрэгжүүлэх цөм нь чадварлаг, мэргэшсэн төрийн албан хаагчид. Төрийн албан хаагч өндөр ёс зүйтэй, өрсөлдөхүйц цалинтай, мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэх боломжийг цогцоор шийдвэрлэж, Монгол Улсын төр хүний нөөцийн нэгдсэн бодлогын шинэчлэлийг энэ тодотголоор эхлүүлж байна.

Төрийн албан хаагчдын цалин 560 гаруй салангид шатлалыг уялдуулж, анхан шатанд ажиллаж буй төрийн албан хаагчдаас эхлээд тодорхой хэмжээнд бодлогын гадна орхигдсон цалингийн тогтолцоог цэгцлэх нь энэхүү тодотголын үндсэн зарчим байлаа.

Салбар бүхэн өөр өөрийн хуулиар цалингаа тогтоолгосноор цалингийн нэгдсэн тогтолцоо алдагдаж, нийгмийн даатгалын сан дампуурлын ирмэгт хүрсэн. Төр өөртөө шаардлагагүй үйлчилгээ, төрийн өмчит компаниуд, хэт данхайж давхардсан бүтцээсээ салж байж өрсөлдөхүйц цалинтай, өндөр бүтээмжтэй иргэд болон хувийн хэвшлийн сэтгэл ханамжид хүрсэн авлигаас ангид чадварлаг төрийн бүтээмжийг бүрдүүлэх нь ойлгомжтой.

Энэхүү тодотголын хүрээнд цалингийн хэт ялгаатай байдлыг цэгцэлж, цалингийн шатлалыг 42 суурь системд шилжүүлэх дараагийн алхмыг хийж, инфляцын өмнөх жилийн хувьтай уялдуулж, жил бүр тогтмол нэмдэг байх асуудлыг тусгалаа.

Улсын Их Хурал хэлэлцүүлгийн явцад төрийн байгууллагын албан хаагчид болон үйлдвэрчний  эвлэлтэй санал солилцож, суурь реформын үзэл санааг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спортын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдыг “Төрийн мэргэжлийн үйлчилгээ”-ний нэгдсэн ангилал, зэрэглэлээр цалинжуулна.

Ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн

  • Соёл урлаг, биеийн тамир, спортын салбарын цалингийн доод хэмжээг 590 мянган төгрөг байгааг 1.0 сая төгрөг болгож,
  • Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 565 мянган төгрөг байгааг 750 мянган төгрөг болгоно.

Түүнчлэн нийслэл, орон нутаг, яам, агентлагийн төрийн захиргааны албан хаагчдын үндсэн цалинг нэгдсэн сүлжээгээр зохицуулж, ижил зэрэглэлд хамаарах төрийн тусгай албан хаагчдын үндсэн цалинг адил болгоно.

  • Төрийн нийтлэг үйлчилгээний 58.9 мянга,
  • Соёл урлаг, биеийн тамир, спортын 2.6 мянга,
  • Төрийн захиргааны 23.0 мянга,
  • Төрийн тусгай 35.0 мянга,
  • Төрийн мэргэжлийн үйлчилгээний 93.2 мянга,
  • Төрийн нийтлэг үйлчилгээний 58.9 мянга,
  • Төрийн улс төрийн 3.8 мянга, нийт 213.9 мянган төрийн албан хаагчийн цалин 10-50 хувиар нэмнэ.