Хурд хамтлаг 30 жилийн ойн хүрээндээ хорхойд идэгдэн устаж буй 1.5 тэрбум модыг аварна

newslifemn 2023-06-2

“Хурд” хамтлаг 30 жилийн ой энэ онд тохионо. Ойн хүрээндээ энэ сарын 10-нд төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээр болжээ. Ингэхдээ “Эрүүл ойн төлөө” гэсэн уриалга дор нэгдэж, Рио Тинто Монгол компанитай стратегийн түвшинд хамтран хорхойд идэгдэн устаж буй 1.5 тэрбум модыг энэ жилдээ багтаан аврахаар хамтран ажиллаж байгаа аж.

Хурд хамтлаг 30 жил тасралтгүй бүтээн туурвиж, нийт 33 удаагийн бүрэн хэмжээний тоглолт, 117 видео клип, 18 CD, 1 алтан пянз, 2 пянз, 249 дуу бүтээж, Дэлхий даяарх Монгол туургатан олон сая сая үзэгчдэд уран бүтээлээ хүргэсэн байдаг.

Хамтлагийнхны зүгээс шүтэн бишрэгчдэдээ зориулан “Хурд” нэртэй шар айраг болон зун, намар, өвөл, хаврыг бэлэгдсэн дөрвөн ширхэг пянз, бүх цомгоо багтаасан CD-ны цуглуулга, хамтлагийн нэрийн бараануудыг гаргаж байгаа аж. Тиймээс Хурд хамтлагийн тоглолтыг үзэхээр ирэхдээ Хурдыг илэрхийлсэн эдгээр зүйлийг худалдан авах боломжтой аж.

Мөн Хурдын 30 жилийн ойн тоглолтод Якут, Тува, Орос, Өвөр Монгол, Хятад зэрэг улсаас фэнүүд нь ирж үзэхээ илэрхийлээд байна.

Тоглолтынхоо дараагаар тэд есдүгээр сар хүртэл хөдөө орон нутгуудаар аялан тоглолт хийхээр болжээ.

Түүнчлэн ирэх намар тавигдах “Чи минь байгаа болохоор” мюзикл, дараа жилийн гуравдугаар сарын 8-ны өдөр нээлтээ хийх “Бүсгүй” уран сайхны кино зэргийг хийхээр төлөвлөж, ажилдаа ороод байгаа юм байна.

Тоглолтын Ерөнхий найруулгыг On’n Off продакшн гүйцэтгэж, Ерөнхий продюсер, найруулагчаар Соёлын гавьяат зүтгэлтэн С.Ононбат ажиллаж байна.