Д.Амарбаясгалан: Төр тогтвортой байснаар бодлого, шийдвэр тогтвортой байна

newslifemn 2023-03-20

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан: МАН-ын байр суурь бол парламентийн тогтолцоог төгөлдөржүүлэх, дархлааг сайжруулах дээр байгаа. Судлаачдын зүгээс нэг тэрбум төгрөг зарж парламентийн гишүүн болдог тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэж байна. Тэр нь өөрөө 76 гишүүнтэй мажоритар тогтолцоог өөрчлөх хэрэгтэйг хэлж байгаа юм. Төр тогтвортой байснаар бодлого, шийдвэр тогтвортой байна. Манай улстай ижил төстэй, хүн ам цөөтэй орнуудын судалгааг авч үзсэн. Тэдгээр улсад нэг гишүүн хэдэн сонгогчийг төлөөлөх чадамжтай вэ гэдэг дүгнэлт бий. Тодруулбал, парламентын нэг гишүүн нийт сонгогчийн нэг хувийг төлөөлж чадсанаараа тойрогтоо эзэн болж, ард иргэдтэйгээ уялдаа холбоотой ажиллаж чаддаг. 

Харин Монгол Улсын тухайд, парламентын нэг гишүүн 1.3-1.4 хувийг төлөөлж байгаа. Ачаалал хэтийдсэн байна гэдэг нь харагдаж байгаа юм. Харин хоёр дахь үзүүлэлт нь 1992 онд парламентын гишүүний тоог тогтооход олон янзын санал, олон ургалч үзэл өрнөж байсан. Эцсийн дүндээ куб язгуурын аргаар тогтож, тооцооллоо хийсэн байдаг.

Манай улс 3.4 сая хүн амтай. Ирээдүйн 30 жилийн хүн амын өсөлтөөр таван сая болох статистик үзүүлэлттэй явж байгаа тохиолдолд өнөөдрөө бодох биш, өнөөдрөөс эхлээд шинэ 30 жилд хэрхэн хөгжилтэй улс орон болгох вэ гэдэг бодлого тооцоолол дээрээс дээрх тоо гарч байгаа.

УИХ-ын 76 гишүүний жилийн зардал нь 10 тэрбум төгрөгт багтдаг. Үүнийг 152 болговол зардал нь 20 тэрбум төгрөгт багтана.