С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал

newslifemn 2026-04-22

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.04.22) Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, тус зөвлөлийн үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга, 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж, шүүх болон шүүгчийн хараат бус  байдлыг хангах асуудлыг тусгасан. Үүнээс хойш 2022 онд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа шүүхийн багц хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж, Улсын Их Хурлаар батлуулж байснаа дурдаад тухайн үед  хэлэлцүүлэг тасралтгүй 17 цаг үргэлжилж, хамгийн удаан хуралдаж, шүүхийн багц хуулийг хэлэлцэн баталж байсныг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн хууль тогтоох, шүүх эрх мэдлийн байгууллагууд тус тусын чиг үүргээ хэрэгжүүлэхэд хуулийн хүрээнд харилцан мэдээлэл солилцох, ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хамтран ажиллах нь чухал. Төрийн эрх мэдэл ард түмнээс эх ундаргатай. Тиймдээ ч төрийн мөн чанар нь ард иргэдийн итгэлийг хүлээсэн байхад оршино хэмээлээ.

Үргэлжлүүлэн, Монгол Улсын шүүхийн тухай хууль батлагдсанаас хойш таван жил өнгөрч буй учраас Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийж, нэмэлт, өөрчлөлтийн талаарх саналаа нэн даруй Улсын Их Хуралд ирүүлэх, Хууль зүйн байнгын хороо хамтран ажиллах шаардлагатай гэлээ. Энэ хүрээнд шүүхийн шинэтгэлийн асуудал нь дан ганц шүүх эрх мэдлийн асуудал бус, энэ шинэтгэлийг гүнзгийрүүлэх, бататгахад Улсын Их Хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг төрийн байгууллагууд ямар оролцоотой байх нь 2024 онд батлагдсан “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-д тусгагдсаныг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт яриандаа дурдав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа ерөнхий зөвлөлийн чиг үүрэг, ажиллах орчин, эрх зүйн орчны шинэтгэлийн үр дүн, тулгамдсан асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, Улсын Их Хурлын дарга болон уулзалтад оролцсон гишүүдийн асуултад хариулт өгч, нээлттэй санал солилцлоо.

Энэ үеэр шүүхийн багц хууль хэрэгжсэнээс хойш ажиглагдаж буй ахиц дэвшлийг тодотгож байв. Тухайлбал, хэрэг хуваарилалтыг гаднын нөлөөгүйгээр шийдвэрлэж, иргэдийн оролцоог хангаж, шүүх хурлыг дуу, дүрсний бичлэгтэйгээр олон нийтэд хүргэдэг болсон, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар тойм бичиж нээлттэйгээр байршуулдаг болсноос гадна дагнасан шүүх тэр дундаа хялбар ажиллагааны шүүх байгуулагдсанаар бага үнийн дүнтэй хэргүүдийг шийдвэрлэх хугацааны хурд нэмэгдсэн зэрэг ахиц, дэвшил гарсан байна.