Д.Цогтбаатар: ХЗБХ иргэдийн мэдэх эрхийг хангаж, ирсэн 36 өргөдөл, гомдолд хариу өгч, шийдвэрлүүлж ажиллалаа

newslifemn 2026-01-23

Өнгөрсөн сард хаалтаа хийсэн 2025 оны намрын чуулган хүний эрх, эрх чөлөөг хангах, хүнд суртал, хууль журмын чөдөр тушаанаас иргэнээ чөлөөлөх бодлого, шийдлийн шинэ гараа болсныг Их Хурлын дарга онцлоод буй.

Парламентын албан ёсны цахим хуудаст D-Parliament: AI Дүн шинжилгээ цэсийг нэмж, 378 хуульд AI шинжилгээ хийх ажлыг эхлүүлсэн. Технологийн дэвшлийг хүний эрх, хүний сайн сайхны тусын тулд хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслийг боловсруулахад ашиглаж эхэлсэн юм.

Хууль зүйн байнгын хороо 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 33 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 

  • Ээлжит чуулганы хугацаанд Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохих өөрчлөлтийг оруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан байна.

  • Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр нэр дэвшигчийн сонсгол хийж, томилохоор заасан. Хууль зүйн байнгын хороо 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталж, сонгон шалгаруулалтыг журамд заасан найман үе шатны хүрээнд зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтаар ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдийг Байнгын хороонд санал болгож, Хууль зүйн байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан.

  • Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн талаар болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран Жендерийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг хэлэлцжээ. Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн хүрээнд Хууль зүйн байнгын хороо “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилт, хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага” сэдэвт болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан байна.

  • Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хоёр хууль, тогтоолын төсөл, холбогдох мэдээллийг болон Байнгын хорооны 18 санал, дүгнэлтийг d.parliament.mn цахим системд байршуулсан.

Иргэдээс Хууль зүйн байнгын хороонд хандаж 36 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, хугацаанд нь хариу өгч шийдвэрлэсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд албан байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 132 албан бичгийг эрхлэх асуудлын дагуу хүлээн авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, 113 албан бичгийг холбогдох газарт явуулжээ.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Хүний эрхийн дэд хороо хоёр удаа хуралдаж, гурван уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, Улсын Их Хурлын даргын 2024 оны 93 дугаар захирамжаар байгуулагдсан “Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.

Мөн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн хүний эрхийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцаж, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг сайжруулж, зарим шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай санал, зөвлөмжтэй танилцсан байна.

Ард түмний шийдвэрээр төрийн дээд эрх барьж буй парламентын баталсан хууль, бодлого цаасан дээр биш бодит амьдралд хэрэгжиж байх ёстой. Хууль хэрэгжиж буй эсэхэд хяналт тавих нь Улсын Их Хурлын Онцгой бүрэн эрх. Иргэн нь мэдэх эрхээ эдэлж байгаа цагт, олуулаа нүдээр харж байгаа бол, иргэдтэйгээ цуг засаглаж байгаа нөхцөлд эрүүл нийгэм бүрдэн төлөвшдөг. Төр түмэн нүдтэй гэж хэлдэг үгийн утга шим нь үүнд оршдог.