Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилготой “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт энэ хичээлийн жилээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 189 мянга гаруй хүүхдийг хамруулж буй.
Тус хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтрах бөгөөд цуврал уулзалт зохион байгуулж байгаа юм.
Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан “Сүү” ХК-тай танилцаж, сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэл төдийгүй Монгол Улсын сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор бид ирэх гуравдугаар сард Улаанбаатар хот орчимд үйл ажиллагаа явуулж буй сүүний фермерүүдэд сүүний үнээ худалдаж авахад зориулсан нэн хөнгөлөлттэй зээлийг олгохоор бэлтгэл ажил хангаж байна. Мөн Туул голын экологийн тэнцвэртэй байдал алдагдаж буйтай холбоотойгоор эхний ээлжид сүүний үйлдвэрүүдэд урьдчилан цэвэрлэх байгууламж барихад нь нийслэлээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана” гэв.
Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга “Бид өнөөдрийн байдлаар хоногт 200 тонн сүү боловсруулах хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэрлэл, логистикийн дэд бүтцээ үе шаттайгаар өргөжүүлж, бүрэн автомат агуулахын төсөл, урьдчилан цэвэрлэх байгууламж, хотын дэд бүтцэд эерэг нөлөө үзүүлэх төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм. Эдгээр бүтээн байгуулалт нь ус, ариутгах татуургын системийн ачааллыг бууруулах ач холбогдолтой” гэлээ.
Ташрамд, “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд сурагчдад долоо хоногт гурван удаа сүү өгнө. Хөтөлбөрийг эхлүүлэхтэй зэрэгцэн сурагчдын бие бялдар, биеийн ерөнхий үзүүлэлтүүдийг хэмжээд тодорхой хугацааны дараа гарсан өөрчлөлтийг дүгнэх юм. Ийнхүү ирэх жилээс 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг тус хөтөлбөрт хамруулах зорилт тавин ажиллаж байна.


0 cэтгэгдэлтэй