Нам дагавал… Албан тушаал тасардаггүй

newslifemn 4 цагийн өмнө

Монголын улс төрд нэг таалсан хүнээ насаар нь, удмаар нь тэжээдэг жишиг тогтох нь. Тийм ч учраас “тэтгэвэрт” суусан ч тусгай үүргийн, тусгай хувь заяатай цагаан захтнууд сүргээрээ мэндлэх болов.

Төр засгаас нөгөөдүүлдээ өндөр дээд албан тушаал, хэтийдсэн эрх ямба зохиож олоод тэргүүндээ залж, шүншиглэн шүтэхээс наагуур л байна. Тэдний амнаас гарах лүндэн буулт энэ төрд “алт” болж.
Магадгүй залгамж халаагаа сайн бэлдсэнийх төрийн ажлаас түмэн олон буулгасан ч албан тушаалтай гэж байгаа.

Саяхан тусгай үүргийн Элчин сайд гэгч албан тушаалд улс төрөөс харьсан хэдэн нөхрийг Ерөнхий сайд урьж залаад сүйд болов. Гэхдээ тэдэнд цалин мөнгө, сууж ажиллах ажлын алба хэрэггүй гэх. Янз нь албан тушаалтай, даргаа гэж дуудуулж байхад сэтгэл нь өег байдаг шиг байгаа юм. Тэгээд ч хэдийнэ хөрөнгө мөнгөө зоорилсон тэдэнд чөлөөт цагаа өнгөрүүлэх хамт олон, боловсон орчин, албан тушаал хэрэгтэй болохоос цалин пүнлүү харж, ажил хийнэ гэдэг лөөлөө биз.

Ер нь тэгээд бидний мэдэхгүй наанатай цаанатай, яриа хөөрөө, энээ тэрээ их юм бий л байх.
Одоогоор тусгай үүрэгт Элчин сайд гэгч “онцгой” албан тушаалд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын дарга асан З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, С.Батболд, М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүх, УИХ-ын дарга асан З.Энхболд гээд Монгол төрийн байж болох бүхий л өндөр дээд албан тушаалд насаараа байсан, байсаар байгаа өнөөх кадрууд эргэн иржээ.

Аан мөн 24 жилийн турш УИХ-ын гишүүнээр сонгогдож, төрийн ордны босгыг тултал илээсэн Н.Энхболд БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдов. Гэхдээ ч мань хашир энэ удаагийн сонгуульд ялалтгүй гэдгээ мэдсэн үү, яасан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө энэхүү томилгоогоо аль хэдийнэ дээгүүр, доогуур зохицуулсан байсан гэх. Тиймээс сонгуульд нэр дэвшээгүй гэдгийг улс төрийн хүрээнийхэн цайны хачир хийж суух юм билээ. Тэрбээр УИХ-ын гишүүнээр олон сонгогдохоос гадна Гадаад харилцааны сайд, ЗГХЭГ-ын дарга, Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллаж байв.

Түүнчлэн ХБНГУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны Элчин зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг томилогдон ажиллаж байна. Тэрбээр өнгөрөгч сонгуулиар намаасаа нэр дэвших эрх авч чадаагүй ч ямартай ч албан тушаалтай хоцорсон нь энэ бөлгөө. Мөн түүний нэгэн адил намаасаа өнгөрөгч сонгуулиар квот өвөртөлж чадаагүй УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл ямар ч байсан Болгар дахь ЭСЯ-ны Элчин зөвлөхөөр ажиллаж буй юм.

Түүний тухайд, 2012, 2016, 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Эл хугацаанд Эрүүл мэндийн сайд, БОАЖ-ын сайд, ХНХ-ын сайдаар ажилласан байдаг. Харин ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа “Улны айл” гэх үгийг хэлж, олны бухимдлыг төрүүлснээр сар ч болоогүй сайдын суудлаас огцорч байсан.

Энэ мэтчилэн улс төрөөс “халагдсан” сүйхээтэй бөгөөд танилтай хэн бүхэн Элчин сайдын суудалд суудаг жишиг тогтчихлоо. Ер нь Монголын төр энэ хүмүүст хэдэн төгрөгийн өртэй байдаг юм бол гэж бодогттол зууралдах юм гэж…