
Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамнаас “Цахим Төв аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон сумдад үйл ажиллагаа явуулж буй “Хурдан төв”-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, төрийн байгууллагуудын үйлчилгээг хялбаршуулан, цахим хэлбэрт шилжүүлсэн “Киоск машин”-ыг хүлээлгэн өглөө.
Ингэснээр Төв аймаг бүх сумандаа “Киоск машин”-тай болсон анхны аймаг болж байна. Нийт өртөг нь 230,0 сая төгрөгийн өртөг бүхий “Киоск машин”-ыг Төв аймгийн иргэд, олон нийтийн санал хүсэлтэд үндэслэн Төв аймгаас төвийн бүсэд сонгогдсон гишүүдийн санал санаачилга, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн дэмжлэгтэйгээр хурдан шуурхай шийдвэрлэж ийнхүү өнөөдөр хүлээлгэн өгч байгаа нь энэ юм.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү болон Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд тэргүүтэй аймгийн удирдлагууд оролцож сумдын удирдлагууд, төрийн албан хаагчдад “Киоск машин”-ыг хүлээлгэн өглөө.
Сум бүр “Киоск машин”-тай болсноор төрийн байгууллагын 35 нэр төрлийн 103 үйлчилгээ, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг цахим хэлбэрээр, түргэн шуурхай авах боломж бүрдэж байгаагаас гадна иргэд цаг хугацаа, түлш шатахуун, хөрөнгө санхүүгээ хэмнэх давуу тал бий болж байна.
Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны зүгээс сумын ИТХ-ын дарга нарын албан хэрэгцээнд зориулан зөөврийн компьютерийг гардуулан өгсөн бол Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн зүгээс хүн амын төвлөрөл ихтэй ч интернэтийн сүлжээ муутай Батсүмбэр сумын Баянгол баг, Заамар сумын Хайлааст баг, Мөнгөнморьт сумын дунд сургууль, Жаргалант сумын Загдал, Тал булаг багуудад “Старлинк” төхөөрөмжийг гардууллаа.
“Цахим Төв аймаг” хөтөлбөр, Хурдан төвийн үйл ажиллагаанд тоног төхөөрөмжийн томоохон дэмжлэг үзүүлсэн Төв аймгаас төвийн бүсэд сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны сайд, хамт олонд Төв аймгийн нийт иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
0 cэтгэгдэлтэй