
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Н.Учрал: Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэхгүй
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар олон улсын геополитикийн байдал, олон улсын худалдааны нөхцөл хүндэрч байгаатай холбогдуулан үнийн өсөлтөөс сэргийлэх, инфляцын өсөлтийг хязгаарлах зорилгоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нар, бүх төрлийн зөвлөл, хороо, комиссын дарга нарт үүрэг болгов. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоодог бүх төрлийн татвар, хураамжийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхыг бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд зөвлөлөө.
Сангийн сайд Б.Жавхлан: Макро эдийн засаг тогтвортой байна
Монгол Улсын нэгдсэн төсөв, төсвийн гүйцэтгэлийн талаар Засгийн газрын хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хяналт тавих, тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын Захирамжаар байгууллаа. Ажлын хэсгийг Сангийн сайд ахална.
“Макро эдийн засаг тогтвортой байна. 2024 онд эдийн засаг 4.9 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 80 их наядад хүрсэн. 2025 оны нэгдүгээр сард инфляц 9.6 хувьд хүрлээ. Гадаад валютын улсын нөөц тогтвортой байна. Голлох түүхий эдийн экспортын биет хэмжээ өсөлттэй байна” гэж Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Нэгдсэн төсвийн орлого эхний хоёр сарын байдлаар 4.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2 их наяд төгрөг буюу 22.8 хувиар буурч, эхний хоёр сарын төлөвлөгөөтэй харьцуулахад 95 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.
Төсвийн орлого эхний хоёр сарын байдлаар 4.1 их наяд төгрөгт буюу нийт төсвийн 11 хувийг бүрдүүлээд байна. Өмнөх жилүүдийн гүйцэтгэлийн дунджаар эхний хоёр сарын байдлаар нийт орлогын 12-14 орчим хувийг бүрдүүлдэг байна.
Нүүрсний дундаж үнэ эхний хоёр сарын байдлаар тонн тутамд 78.5 ам.доллар болж өмнөх оны мөн үе болох 123.4 ам.доллартой харьцуулахад 44.9 ам.доллароор буюу 36 хувиар буурсан нь төсвийн орлого буурахад голлон нөлөөлжээ.
0 cэтгэгдэлтэй