
Боловсролын сайд П.Наранбаяр 2025-2026 оны хичээлийн бүтцийн өөрчлөлтийн талаар олон нийтэд мэдээллээ.
Энэ хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй бөгөөд бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн нэгдүгээр сарын 26 хүртэл амрах хуваарь гаргажээ. Ингэснээр түгжрэл буурч, ханиад томууны дэгдэлт багасах судалгаа бийг салбарын сайд танилцуулав.
Дунд ангийн сурагчид арванхоёдугаар сарын 22-ны Даваа гаригаас эхлэн 5 долоо хоног амрах бол ахлах ангийнхны амралт дунд ангийн сурагчидтай ижил ч эхний 7 хоног цахимаар хичээллэхээр төлөвлөжээ.
Ийнхүү өвлийн хүйтэнд амралтыг 7 хоногоор сунгаж байгаа учраас зургадугаар сард 1 долоо хоног сунаж хичээллэхээр бүтцэд өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр сурагчдын зуны амралт зургадугаар сарын 15-19-нөөс эхлэх юм байна.
П.Наранбаяр “Сар шинийн амралтын хувьд гурав хоногийн хичээлийг цахимаар хичээллэх, даалгавар өгөх чиглэл өгсөн. Амралтын өдөр нөхөж хичээллэхгүй” гэсэн юм.
Ирэх жилээс эхлэн бага ангийнхан шинэ хөтөлбөр, шинэ сурах бичиг хэрэглэхээр болжээ. Сурагчдын унших чадвар маш сул байгаа учраас унших чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөснөө мөн энэ үеэр танилцуулсан.
Тэрбээр “Орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж сурах бичгийг боловсруулж байна. Өнгөрч буй хичээлийн жилд бие даалтын долоо хоногийг анх удаа хэрэгжүүлсэн. Энэ нь маш үр дүнтэй байсан. Ирэх жил бие даалтын долоо хоногоор ахуйн ослоос өөрийгөө хамгаалах, аюулгүй амьдрах ухааны мэдлэгийг олгоно” гэв.
0 cэтгэгдэлтэй