Харласан иргэд торгуульгүй нутаг буцах эрхтэй

newslifemn Өчигдөр

Өмнөд Солонгос улсын Хууль зүйн яамнаас зарласан өршөөлийн хуулийн хугацаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд дуусах байсан ч хоёр сараар сунгагдсан. 

Тодруулбал, энэ сарын 30-ны дотор хууль бус оршин суугч гадаад иргэдэд сайн дураараа нутаг буцах хугацааг зарлаад байгаа. Энэ хугацаанд сайн дураараа буцсан тохиолдолд торгууль төлөхгүй.

Харин хилээр хууль бусаар нэвтэрсэн, хуурамч бичиг баримт ашигласан, эсвэл эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүс үүнд хамаарахгүй байна. Хөтөлбөрийн хүрээнд Өмнөд Солонгосоос сайн дураараа гарсан хүмүүс 30 сая вон (24 мянган ам.доллар) хүртэлх торгууль төлөхөөс чөлөөлөгдөж, буцаж ирэхийг зөвшөөрөх юм. 

“ӨРШӨӨЛИЙН САР”-Д БУЦАХ ИРГЭД  ЗААВАЛ УРЬДЧИЛЖ ХҮСЭЛТ ГАРГАНА

Өршөөлийн хуулийн хугацаанд нутаг буцсан тохиолдолд торгуулийн мөнгөнөөс чөлөөлөхөөс гадна эргэн хилээр орж ирэх эрх нээгдэх боломжтой. Хэрэв энэ хуульд хамрагдан нутаг буцахаар шийдсэн бол цагаачлалын албаны 1345-луу залгаад 7 дугаарыг дарж монгол ажилтнаас сайн зөвлөгөө авах боломжтой байна.

Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр “Өмнөд Солонгосын цагаачлалын албанаас гаргасан 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тус улсад Монгол Улсын 53 мянга 38 иргэн ажиллаж, амьдарч байна. Энэ тоонд визийн хугацаа нь дууссан буюу харласан иргэд багтаж байгаа” гэв.

Иргэд нутаг буцах хүсэлтээ урьдчилж заавал гаргах бөгөөд ингэхдээ цахимаар гаргах мөн боломжтой байна.