УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцжээ.
“Энэ удаагийн стратеги төлөвлөгөөний гол онцлог нь УИХ-ын бүх үйл ажиллагаа “Хүн төвтэй парламент” гэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэж байна. Мөн өмнөх парламентуудын стратеги төлөвлөгөө дотогшоо чиглэсэн бодлого баримталж байсан бол энэ удаа 60-70%-ийг гадагшаа буюу иргэд рүү чиглэсэн бодлого баримтлахаар зорьж байна” хэмээн УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ хэллээ.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Иргэдийн зүгээс төр улам данхайсан, төрийн бүтэц, эрх мэдлийг улам нэмэгдүүлсэн хууль тогтоомжууд баталж байна гэсэн шүүмжлэл ирж байгаа. Тийм учраас энэ удаагийн парламентаас батлах хууль тогтоомжууд иргэний эрх, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн байхад онцгой анхаарна. Мөн хууль тогтоомжийн хоцрогдлыг арилгахад илүү чиглэж ажиллана. Түүнээс гадна журмыг журамлая гэж бид ярьж байгаа. Өдгөө хуулиасаа олон журамтай болчихсон. Бид аль болох журмын тоог цөөлсөн, хууль нь илүү сайн бичигдсэн байх зорилго, зорилтыг дэвшүүлсэн” хэмээлээ.
Тогтоолын хавсралтаар батлах Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний төсөлд Монгол Улсын Их Хурлын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг тодорхойлж, 5 зорилго, тэдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх 16 зорилтыг хүрэх үр дүнгийн хамт тусгажээ. Үүнд:
1.Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд хууль тогтоомжийг боловсруулахаас батлах, биелэлтэд хяналт тавьж, тайлагнах хүртэлх бүх үе шатад хүн төвт үзэл санаанд суурилж, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан эсэхийг нягталдаг, дүн шинжилгээ хийдэг байх, Улсын Их Хурал ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулан, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, олон талт түншлэлийг сайжруулах зорилтууд тусгасан байна.
2.Монгол Улсын Их Хурал үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлж, тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг дэмжсэн, цаг үеийн шаардлага, нийгмийн эрэлт, хэрэгцээг тооцсон, цогц шийдвэр гаргах зорилгын хүрээнд хууль тогтоомж, Монгол Улсын хөгжлийн бодлогын уялдаа, залгамж чанарыг хангах, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих тогтолцоог бэхжүүлэх зорилтуудыг тусгажээ.
3.Монгол Улсын Их Хурал шинжлэх ухаан, инновац, технологийн дэвшлийг дэмжих зорилгын хүрээнд хууль тогтоомжийг боловсруулахаас эхлэн батлах, биелэлтэд хяналт тавьж, сурталчлах хүртэлх бүх үе шатад шинжлэх ухаанд суурилан инновац, технологийн дэвшлийг дэмжиж, их өгөгдөлд суурилсан мэдээлэл, дүн шинжилгээг шийдвэр гаргахад үр өгөөжтэй ашиглах талаарх зорилтуудыг тусгасан аж.
4.Олон ургалч үзэл бүхий дэвшилтэт, шинэ үеийн парламентыг бэхжүүлэх зорилгын хүрээнд иргэд Улсын Их Хурлын гишүүдтэй олон талт сувгаар холбогдох нөхцөлийг сайжруулж, гишүүд сонгогчдын өмнө ажлын гүйцэтгэл, ёс зүйтэй байдлаа хариуцан тайлагнадаг тогтолцоог төлөвшүүлэх, бүх нийтэд хүртээмжтэй, ёс зүйтэй, соён гэгээрүүлэгч, дэвшилтэт, шинэ үеийн парламентыг бэхжүүлэх зорилтууд тусгагджээ.
5.Монгол Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа үр нөлөөг дээшлүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлан таниулахад нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлсэн дэвшилтэт арга, хэрэгсэл ашигладаг болохоос гадна Улсын Их Хурлын гадаад харилцааг өргөжүүлэх, парламентын хэрэгцээ, шаардлагад нийцсэн, чадварлаг, өндөр бүтээмжит ажлын албыг бэхжүүлэх зорилтуудыг тусгасан байна.
Тогтоолын төсөл батлагдсанаар стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх зардлыг холбогдох үйл ажиллагааны зардлын эх үүсвэрийн хүрээнд шийдвэрлэхээс гадна улсын төсөв, олон улсын байгууллага, гадаад улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх боломжтой хэмээн үзжээ.
УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ
0 cэтгэгдэлтэй