Хан-Уулчууд Х.Баттулгын шатрын “хөвгүүд”-д санал өгөх үү?

newslifemn 2024-09-28

Орон нутгийн болоод Нийслэлийн Иргэдийн хуралд нэр дэвшигчдийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ.

Хотын хүн ам өсөн нэмэгдэхтэй зэрэгцэн төсөв хөтөлбөрүүд ихэсч, зөвхөн түгжрэлийн асуудал шийдэхэд 420 тэрбум төгрөг төсөвлөгддөг болсон цагаас нийслэл гэх айл улстөрчдийн сонирхлыг ихээхэн татах болсон. Хийж бүтээнэ гэхээс илүүтэй НИТХ-д төлөөлөгч болж, бүлэглэлийн эрх ашгийг нэгж хорооны хэмжээнд үүрэх “даалгавар” өвөрлөсөн нэр дэвшигчид олон байгаа гэчихэд ташаарсан болохгүй биз.

Тэр дунд нийслэлийн Хан-Уул дүүрэг улстөрийн томоохон бүлэглэлүүдийн чансаа сорьсон, энгэрийн халаасан дахь нэр дэвшигчдээсээ илгээдэг тойргуудын нэг.

Өөрсдөө мянгантаа үгүй гэх ч үйлдэл болоод нүүдэл нь нэг гэдгийг харуулсаар буй Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга нар Л.Оюун-Эрдэнийг намын дарга болгохоос эхлээд хоршсон тоглолт хийж, өнгөрөгч УИХ-ын сонгуулиар бусад бүлэглэлүүдийн анхаарлыг татчихгүйхэн шиг ажин түжин, хуурмаг байдлаар тойргуудыг хуваан авч, улмаар хамтарсан Засгийн газрыг зальжин байдлаар байгуулчихаад буйг улстөр сонирхогчид хэлж байна. Одоо тэдний хоршил Орон нутгийн сонгууль дээр ч үргэлжилж байж мэдэхээр байгааг тойрог тойрог дахь нэр дэвшигчдийн оноолтоос харж болохуйц байна.

Энхийн цагт хөлс их асгавал дайны цагт цус бага асгарна гэдэг.

Тэгэхээр Орон нутгийн сонгуульд хэн ач холбогдол өгч хөлөө бэхэлж чадна, түүнд дараагийн УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгууль толгой гашилгаж, төгрөг тараахааргүй хялбар болох нь тодорхой. Х.Баттулгын багийнхан үнэхээр хөдөлмөрч юм. Бусад бүлэглэл, фракциас сонгогдсон УИХ-ын гишүүд, пиарчид нь хоол эргүүлж, хэрүүл уруул хийн унтаж хэвтэж явахад Х.Баттулгынхан орон нутаг болоод дүүргүүдэд тасралтгүй ажиллаж байна.

Дээр хэлсэнчлэн Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэн Нийслэлийн тойргууд дээр ч  хоршиж байж мэдэхээр, зарим нэр дэвшигчийг зөөлөн боорцгонд хаяа юу гэмээр харагдаж байгаа нь нууц биш. Хан-Уул дүүрэгт гэхэд 6 мандатыг таллаж хуваахаар тохиролцсон гэх мэдээлэл эрчтэй яригдаж байна. Эл тойрогт УИХ-ын гишүүн асан Лу.Болдын төрсөн дүүгийн хүү, Л.Эрдэнэчимэгийн хүү, Кёкүшюзан Д.Батбаярын дүү Д.Батсайхан тэргүүтэн горилж нэлээдгүй эртнээс яриа хөөрөөгөө хийн, бараг л сонгогдчихсон мэт төсөөлөлд автаж яваа гэдгийг эх сурвалжаас хэлж байна.

НИТХ-д нэр дэвшигч А.Амартүвшингийн хувьд УИХ-ын Тамгын газрын Захиргааны хэлтэст зохион байгуулагчаас ажлын гараагаа эхэлж Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогчоор 2016.11.01-нд томилогдож байсан нөхөр. 2019 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн 97025.98 мянган төгрөгийн орлоготой гэж мэдүүлснээс хойш тасралтгүй өссөн үзүүлэлттэй яваа түүний хөрөнгө орлогыг өрсөлдөгчид нь сонирхоод үзчихэд гэмгүй л байх. Гэр бүлийн орлого нь гэхэд 0-ээс 569677.00 мянга болтлоо өссөнийг АТГ-ын мэдүүлсэн мэдүүлгээс нь харчихад сонирхолтой л мэдээлэл.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн “цүнх баригч” гэгддэг энэ эр Хэмнэлтийн хуулиар Засаг даргын орлогч гэх албан тушаалаас буусан ч зөвлөх нэртэйгээр эргэн ирээд зогсохгүй хөрөнгө орлого нь жилээс жилд өсөн аривдаж байсан нь нэг бол жигтэйхэн хөдөлмөрч гэр бүлийн жишээ, эсвэл үндэслэлгүй хөрөнгөжсэн этгээдийн кэйс болж мэдэх хоёр л хувилбартай байх.

ИТХ-ын төлөөлөгч Б.Мягмарын тухайд 2020 онд Хан-Уул дүүргээс НИТХ-д нэр дэвшиж, төлөөлөгчөөр сонгогдсон нэгэн бөгөөд Арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх төсөл болох “Эмээлт эко Аж үйлдвэрийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан ч чадварлаг боловсон хүчин биш гэдгээ харуулж үр дүн гаргаагүй. Тухайн үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг олон жил ярьсан ч ажил хэрэг бололгүй баахан мөнгө үрсэн төсөл болсон тул мэргэн сонгогчид түүнийг сонгох бүү хэл, ам руу нь алгадаад буцааж мэдэх харамсалтай дүр.

Төрийн тэргүүний дэмжлэгт, У.Хүрэлсүхийн явдал суудал хэв маягийг даган дууриагч гэгддэг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаар түлхүүрдүүлэн Б.Буянтогтох гэх эрхэм эл тойрогт орж ирсэн гэгдэж байна. ЭМЯ-ны Эмнэлгийн бодлогын тусламжийн хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалтай тэрбээр олон эх сурвалжийн хэлж буйгаар Т.Мөнхсайханы дэмжлэгээр шат ахиж яваа нэгэн гэнэ. Эрүүл мэндийн яаманд очсоныхоо дараа улсын эмнэлгүүдээс 4.3 тэрбум төгрөгийн тендер хувийн компаниараа дамжуулан авсан гэх дуулианд нэр холбогдож албан тушаал нь ганхсан ч ар сайтайдаа үлдсэн гэлцдгийг бусад нэр дэвшигчдийн пиарчид өлгөж авах л гогцоо байх.

Хотын дарга Х.Нямбаатарын зүгээс “хэтэвчнийх” нь манаач гэгддэг Л.Хосбаяраа зүтгүүлнэ. УИХ-ын Тамгын газрын Захиргаа санхүү үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байгаад Х.Нямбаатарыг Хууль зүйн сайд болоход Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга, Ерөнхий нягтлан бодогчоор нь ажилласан нэгэн. Гурван жил Х.Нямбаатарын санхүүг “хариуцсан” Л.Хосбаяр өдгөө нийслэлийн Засаг даргын орлогч.

Тэрчлэн аль ч төрийн үед МCS-ийн төлөөлөл төрд багтдаг, томоохон татвар төлөгчид хуйгаараа хоригдон цагдагдан шалгагдаж байхад MCS рүү чөтгөр ч халддаггүй гэдэг. Тэд энэ удаад Ж.Энхжаргалан гэх нөхрийг НИТХ-ын төлөөлөгчид сойж буй бололтой. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргаланг цахим орчны жиргээчид долоон хүнтэй зэрэг хэрэлдээд дэргэдүүрээ өнгөрөх нохойг жов гэчихдэг “Должин эмээ” хэмээн нэрийддэг юм билээ. Харин уншигчид Хөгжлийн банкны хэрэг дэгдэх үеэр Драгон холдинг компани Төрийн банкаар дамжуулан “Цэвэр ус савлах, сав баглаа боодлын үйлдвэр байгуулах төсөл”-д 8.4 тэрбум төгрөгийн зээл авсан боловч зориулалтын дагуу зарцуулаагүй гэгддэг дуулианаар нь мэдэх байх. Энэ талаар Ж.Энхжаргалан “Эхнэрийн гэр бүлийнхэн Хөгжлийн банкнаас зээл авсныг мэдээгүй. Эхнэрийн компанийг надаар овоглоод байгааг ойлгохгүй байна” гэх хариултыг өгөөд олон нийтийн зүгээс жинтэйхэн шүүмжлүүлж байв. Түүний хадам аав С.Баярт МАН-д олон жил зүтгэсэн нэгэн гэдгийг улстөрийн хүрээнийхэн андахгүй биз.

Ж.Энхжаргаланг тойрсон дуулиан үүгээр дуусахгүй бөгөөд тэрбээр Соёлын сайд Ч.Номингоор дамжуулан дрон шоунаас 170 гаруй сая төгрөг авсан баримт дэлгэгдэж байсныг өдгөө өрсөлдөгч нэр дэвшигчид нь юунд зүгээр өнгөрөөв гэж.

АН-ынхны тухайд УИХ-ын гишүүн асан, Монос группийн ТУЗ-ийн гишүүн Л.Эрдэнэчимэгийн хүү Б.Ононг Хан-Уул дүүргээс сойж байгаа. Монос фарм трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал, мэдээлэл технологийн чиглэлээр бизнес эрхэлдэг гэхээс өөр мэдээлэлгүй тэрбээр нам дамнасан бүлэглэлийн дэмжлэгтэй гэгдэнэ. Ээж Л.Эрдэнэчимэг нь 2016 оноос хойш Х.Баттулгын зөвлөх, МоАХ-ны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа.

Тус дүүрэгт нам дамнасан бүлэглэлийн дэмжлэгт гэгдэх бас нэг нэр яваа нь Б.Билэгт. УИХ-ын гишүүн асан Лу.Болдын дүү Болдхуягийн хүү. Өмнө нь нэр дэвшихдээ өвөө, аав, авга ахаараа имиж хийн өөрийгөө сурталчилж байсан бол энэ удаад Л.Оюун-Эрдэнэ ч, Х.Баттулга ч миний асаалттай танк хэмээн сайрхах болсон талаар ойрын нь эх сурвалжаас хэлж байна. Арга ч үгүй биз. Түүний авга ах Лу.Болд 2020 оны УИХ-ын сонгуульд Шинэ намаас нэр дэвшиж өвдөг шороодсон ч Х.Баттулгын хаяаг бараадан зөвлөхөөр нь ажиллаж, шударга-5 гэгдэн Л.Оюун-Эрдэнэтэй хөтлөлцөж яваад 2021 онд Бельгид Элчин сайдаар суугаад авсан зайтай эр хойно дүү нь ийн сайрхдаг биз.

Нам дамнасан бүлэглэлээс Л.Отгонбаатар гэх нөхрийг мөн хөзрийн гол модоор шидсэн гэдгийг улстөр сонирхогчид хэлж байна. Түүнийг Хан-Уул дүүргийн газрын албаны дарга байснаар олон нийт мэднэ. Сайнаар гэхээсээ саараар дүүргийн иргэд нь олонтаа ярьж шүүмжилдгийг энд дурьдчихад илүүдэхгүй байх. Туулын хөвөө дагасан барилга байгууламж, Яармагийн дэнжийн газар олголт зэрэг түүнтэй холбоотой хэл ам их гэлцэнэ. Ямартаа түүний балагтай шийдвэрээс болоод олон ээж очих газаргүй боллоо хэмээн төв талбайд суулт зарлаж байсныг энэ өдрүүдэд нэхэн сурвалжлах нь зүй биз.

2016-2020 онд нийслэлийн Газрын албанд ахлах мэргэжилтэн, 2020 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн Л.Отгонбаатарын Хөрөнгө орлогын мэдүүлэг ч сонирхолтойгоор өссөн дүнтэй байдгийг уншигчид АТГ-ын нээлттэй мэдээллээс үзчихэд буруутахгүй л болов уу.

АН-аас НИТХ-д дахин горилогч Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Зундуйдоржийг Х.Баттулгаар түлхүүрдүүлж яваа гэх мэдээлэл мөн байна. УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшиж байсан бөгөөд цахим орчинд “Mr Do” нэрээр “жиргэдэг” байсан тэрбээр УИХ-ын сонгуулийн өмнө Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын талаар хурцхан шүүмж шидэж байсныг уншигчид мартаагүй биз.

УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр төрсөн дүү Д.Батсайханаа сойж буй гэдгийг нийтлэлийн эхэнд хэлсэн. 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт орооцолдсон Д.Батбаяр өөрөө хүчлээд барахгүй суудалд дүүгээ түлхүүрдэхээр шийдсэн нь энэ бололтой.

Ийнхүү нам дамнасан бүлэглэлд хэдийнэ алдсан гэгдэх Хан-Уулыг ХҮН намын залуу боловсон хүчний нэгд тооцогддог А.Мандахнаран гэрэлтүүлж мэднэ хэмээн улстөрийн хүрээнийхэн өөр зууртаа таамаг тавьж байна. УИХ-ын сонгуульд өрсөлдөөд сонгогдож чадаагүй ч НИТХ-д байж болохуйц дуу хоолой гэгдэж буй энэ эр Санхүү эдийн засаг улс төрийн чиглэлээр Швед болон Япон улсад боловсрол эзэмшсэн бөгөөд Сангийн яамны төсвийн бодлогын газарт эдийн засагч, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яаманд Худалдаа эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

Түүний нэгэн адил нам дамнасан бүлэглэлийн эсрэг өндийж чадах нэр дэвшигчээр Үндэсний эвслийн М.Төмөр нэрлэгдэж байна. Удам дамжсан цагдаагийн гэр бүлийн төлөөлөл. Түүний аав С.Мөнхтамга хурандааг танихгүй хүн ховор. Эцгийнхээ мэргэжлийг өвлөж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр ажлын гараагаа эхлүүлж байсан түүнийг алдарт нүүрсний хэргийг илрүүлэн шалгаж байсан нэгэн гэдгээр улстөрийн хүрээнийхэн андахгүй биз. 2019-2023 оны хооронд нүүрсний хулгай, койны луйвар, мөнгө угаалт зэрэг эдийн засгийн онц хүнд гэмт хэргүүдийг мөрдөн шалгахдаа улстөрчдийн нөлөөнд автахгүй Төмөр нэрэндээ таарсан “төмөр мөрдөгч” байсан гэдгийг мөрдэс нэгтнүүд нь хэлж байна. Харамсалтай нь, эрх баригчдын холбогдсон хэрэг шүүх, прокурорын шатанд сарниж алга болдгоос үүдэн өөрийн хүсэлтээр ажлаа өгч НИТХ-д нэр дэвшихээр шийдсэн кадр юм байх.

Түүнтэй хамт Ц.Дагвадорж Н.Цэвээн Ц.Арилдийпүрэв нарын нөхөд Үндэсний эвслээс нэр дэвшиж байна.

Сөрөг хүчингүй парламентад Үндэсний эвслийнхний дуу хоолой төдийлөн багадахгүй байгааг бид харж байгаа. Ийм үед, ялангуяа НИТХ-д бүлэглэл ноёрхохоор гинжин хэлхээ үүсгэчихсэн манантуулж яваа энэ цагт эвслийнхэн ядаж Хан-Уул зүгт бодлогын хүчээ хаяж, хөлтэй болох боломжийнхоо төлөө хэдхэн хоног нойр хоолоо хасаад зүтгэчихэд болохгүй гэх газаргүй л юм.

Үргэлжлэл бий…