Паралимпын наадмаас алт, мөнгө, хүрэл медальтай (2016, 2020, 2024) болсон Э.Содномпилжээ өнөөдөр эх орондоо ирлээ.
Түүнтэй хамт дасгалжуулагч Д.Баттулга болон паралимпын бусад баг тамирчин хамт ирсэн юм. Тэднийг гэр бүл, найз нөхөд болон Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ)-ын “Сүлд” спорт хорооны удирдлагууд угтаж авлаа.
Энэ удаагийн паралимпт 85 улс ямар нэгэн медаль хүртсэнээс 67 улс алтан медаль хүртлээ. Манай улс нэг алт, гурван мөнгө хүртсэн амжилтаараа медалийн чанараар 57 дугаарт эрэмбэлэгдэв.
Э.Содномпилжээгийн хувьд паралимпын наадмаас иж бүрэн медальтай болж буй Монголын анхны тамирчин юм. Тэрбээр 2016 онд 87 кг-ын жинд 210 кг-ын үзүүлэлтээр хүрэл медаль хүртэж байсан бол 2021 онд болсон Токиогийн олимпод 107 кг-ын жинд 247 кг шахаж дээд амжилт тогтоож байлаа.
Харин энэ жилийн хувьд 248 кг-ын үзүүлэлтээр мөнгөн медаль хүртэв. Түүний гол өрсөлдөгч Ираны Алиакбар Гарибшахи 252 кг-ыг амжилттай тооцуулснаар паралимпын рекорд тогтоосон.
0 cэтгэгдэлтэй