Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг ардчиллын үнэт зүйлд суурилсан Монгол, Швейцарын найрсаг харилцаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол болон хүмүүнлэг зэрэг салбарт өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсад өрнөсөн ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжилтийг швейцарын тал тууштай дэмжиж, ардчилсан засаглалыг бэхжүүлэх чиглэлээр болон хамтын ажиллагааны олон салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсныг тэмдэглэлээ.
Талууд дипломат харилцаа тогтоосноос хойш 60 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтаа бататгаж, цаашид харилцан сонирхсон бүхий л салбарт идэвхтэй ажиллахын төлөө байгаагаа нотоллоо.
Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах талаар ярилцлаа.
0 cэтгэгдэлтэй