АН: Монгол төрийн мөнгөн дэвсгэртийг хуурамчаар хэвлэж, иргэдэд тараасан байх магадлалтай үйлдэл гарлаа

newslifemn 2024-06-28

АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж:  Эрх баригч МАН-д сануулсаар байхад монгол түмний сонгуулийг хууль зөрчиж, бид бүхнийг юман чинээ бодохгүйгээр хууль бус үйлдэл хийсээр байна.

Тэд хууль бус үйлдлүүдийг Монгол орон даяар хавтгайруулан гаргасаар байна. Тиймээс цагдаа, хууль хүчний байгууллагатай хамтран ажиллаж, гомдол гарган, шийдвэрлэсэн болон шийдвэрлэхээр ажиллаж байгаа мэдээллүүдийг хүргэе.

Санал авах байруудад оочер дараалал үүссэн. Нэг хүн дунджаар 2-3 минутын хугацаанд саналаа бөглөөд гарч байхад 30-40 минутын хугацаанд санал бөглөж, албаар түгжрэл үүсгэх тохиолдлууд зарим санал авах байруудад гарч байна

Сонгуулийн саналыг татах гэсэн МАН-ын гаргаж буй ноцтой 22 асуудлыг танилцуулна.

Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186, 110 дугаар ангийн цэргүүдийн халаасанд МАН-ын найман нэр дэвшигчийн нэрийг нь бичиж хүчээр хийсэн. Улмаар орж саналаа өгөх үедээ цэргүүд тухайн цаасыг гаргаж ирээд сонгогчийн саналын хуудсыг бөглөх үйлдэл дээр нь манай ажиглагч барьсан.

Мөн Сэлэнгэ аймгийн Зэвсэгт хүчний хоёр албаны цэргүүдийг бөөн бөөнөөр нь ачаад “МАН-д санал өг” гэдэг командыг өгсөн мэдээ байна. Үүний баримтыг удахгүй мэдээлнэ.

УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрогт маш ноцтой асуудал гарсан. Мөн л төрийн байгууллагыг ашиглаж, иргэд, сонгогчдын саналыг худалдаж авах зорилготойгоор үүссэн. Тодруулбал эмнэлгийн түргэний машиныг ашиглаж, чанга яригчаар нь сонгуулийн зар хүргэж түгээж явсан.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, З.Мэндсайхан, Засаг дарга Э.Болормаа тэргүүтэй хүмүүс очих үед зарласан байгаа юм. Энэ асуудлыг албан ёсоор цагдаагийн байгууллагад өгч, холбогдох этгээдийг 20 саяар торгосон шийдвэр гарсан.

Монгол төрийн мөнгөн дэвсгэртийг хуурамчаар хэвлэж, иргэдэд тараасан байх магадлалтай үйлдэл гарлаа. Ховд аймгийн Жаргалант сумын Цагаан эрэг гэх газарт их хэмжээний хуурамч мөнгөн тэмдэгтүүдийг хэвлэж, тэдгээр мөнгөн тэмдэгт салхинд хийсэж буй дүр зураг гарч ирж байгаа.
Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга н.Билэгсүмбэрэл машиндаа иргэд, сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан үйлдэл гаргаж, газар дээрээ баригдсан.  Баянзүрх дүүргийн санал авах наймдугаар байранд саналын машины дээд талд камер суурилуулсан. Хэн хэнд санал өгч, аль намыг дэмжиж байгааг тэр камераар хянаж байсан.
Завхан аймагт УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн мөнгө тараасан асуудал дөнгөж сая гарлаа.